m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2025.09.30 17:46
2138
Г.Занданшатар нүүрсний хулгайчийг дарахаар Б.Энхбаярыг “илд  бамбай” болголоо

МАН-ын дотоод тэмцэл төрийн зовлон болж буй энэ өдрүүдэд улс төр “улайсаж”, өдөр бүр “гэнэтийн бэлэг”-тэй, монголчууд уйдах завгүй байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.30/ 15 цагт мэдээлэл хийнэ гэсэн зарын дагуу хэвлэлийнхэн  “сүргээрээ” өрөөнд нь яваад очиход мань хүн асуултад хариулахгүй гэдгээ хэвлэлийн албаныхнаараа урьдчилан хэлүүлэв.

“Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэх ёстой, нүүрсний хулгайчтай тэмцэх юм бол эдийн засаг сэргэнэ. Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн уурхайн баяжуулах үйлдвэрийг 1.1 их наяд төгрөгөөр уурхайгаас 18 км зайд  барьснаас болж, дахиад 280 тэрбум төгрөгөөр конвер барих шаардлагатай болсон. Үйлдвэрээ ашигласан бол ирээдүйд 44 их наяд төгрөг байтугай орлого олох байсан. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг хамтран ажиллана гэж итгэж байсан ч харамсалтай нь өөрөө хулгайд нэр холбогдсон байсан. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд би онцгой бүрэн эрхийнхээ дагуу Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна.” хэмээн мэдэгдсэн.

Тавхан минут үргэлжилсэн түүний энэ мэдэгдэл ёстой л “гал” байлаа. Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар 100 хоног дээрээ ажлаасаа чөлөөлөгдөж, “Д.Амарбаясгалан бол нүүрсний хулгайч” хэмээн шүгэл үлээсэн Б.Энхбаяр түүний орыг залгасан нь хэний ч таамаглаагүй, гэнэтийн шийдвэр байлаа.

Ямартай ч, Д.Амарбаясгаланг хулгайч гэж өөрөө зарласан болохоор түүнийгээ нотлох  шунал Б.Энхбаярт буцалж буй. Харин Г.Занданшатарт өрсөлдөгчөө замаасаа зайлуулах, бүр нэг мөсөн нухчин дарах шалтгаан буй. Энэ хоёр хүний ашиг сонирхол огтлолцсоноор Б.Энхбаяр нь Г.Занданшатарын “илд бамбай” болохоор сэтгэл шулууджээ. Өмнө нь тэр Л.Оюун-Эрдэнэд “Би илд бамбай чинь болъё” хэмээн хэлж байсан удаатай.

Гэхдээ тэдний энэ шийдвэр олон нийтэд таалагдах нь юу л бол. Шударга ёсны төлөө гэхээс илүүтэй өс хонзонгийн сэдэлтэй энэхүү шийдвэрийн ард Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын “дээлийг нөмрүүлэх” чин хүсэл, зорилго буй. Нөгөөтэйгүүр, дарга нарын тэмцэл дундаас олон нийт хөшигний ард нуугдсан үнэнийг олж мэдэх боломж олддог сайн тал ч бас бий.

Эцэст  нь хэлэхэд, үнэхээр нүүрсний хулгайд оролцсон бол шалгаж эцэслээд, хуулийн буулга  дор бөхийлгөөрэй, тэднийг. Харин буруутайг нь нотолж чадахгүй бол өөрсдөө уучлал гуйгаад, нэр төрийг нь сэргээгээрэй, Ерөнхий сайд аа!