Өргөдлийн байнгын хороогоор ргөдөл, гомдлын petition.parliament.mn системд иргэн Б.Номингийн энэ оны долдугаар сарын 01-нд гаргаж, хуульд заасан тооны иргэдийн дэмжлэг авсан эмч, багш нарын цалинг нэмэх тухай өргөдлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Эрүүл мэнд, боловсролын салбар бол нийгмийн чухал томоохон хэсэг болохыг иргэн Б.Номин өргөдөлдөө онцолж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулан, уг асуудлыг судалж, шийдвэрлэх шаардлагатай гэснийг 33088 иргэн дэмжсэн байна. Энэ асуудлыг Байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж эхэлсэн боловч Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан холбогдох сайд нарыг байлцуулах шаардлагатай гэсэн горимын санал гаргасны дагуу хойшлуулаад байсан юм.
Иргэний нийтийн өргөдөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Ганмаа, Ж.Галбадрах, Р.Эрдэнэбүрэн нар Боловсролын сайдын байр суурь, хувийн болон улсын эмнэлгийн эмч, ажилчдын цалингийн зөрүү, цалин ба ажлын ачааллын судалгааг хийсэн эсэх, бага цалинтай залуу багш нар ажлаас гарагсдын хэдэн хувийг эзэлж байгаа, ажлын хэсэг байгууллаа гэхэд төсвийн зарлагын эх үүсвэрийг олох, эсэх нь эргэлзээтэй, мөн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын хооронд шилжүүлэх боломж байгаа эсэхийг асууж, хариулт авлаа. Боловсролын сайд П.Наранбаяр багшийн анхдагч цалингийн хэмжээ, мөн дундаж хэмжээ болон ажлаас гарч байгаа багш нарын насны бүлэглэл зэрэг статистик мэдээллийг нарийвчлан танилцуулаад, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит шаардлага байгааг дурдсан юм. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус салбарын эмч, ажилчдын цалин даатгалын гүйцэтгэлтэй шууд холбоотойг онцолж, Эрүүл мэндийн даатгалын сан бие даасан институц болох ёстой гэв. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлж буй иргэдийн шимтгэлийг төсвийн урсгал зардалд оруулж бичдэгийг болиулах нь томоохон боломжийг нээнэ гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсныхаа дараа үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй гэж байгаа бол төсвийн төслийг буцаах, улсын төсвийг хугацаанд нь баталж чадахгүй бол өөрөө тарах боломж Улсын Их Хуралд бий гэдгийг сануулсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат төсвийн урсгал зардлын хэмжээг ДНБ-ий 24 хувьд барих гэдэг ойлголтыг мартаад, холбогдох зохицуулалтыг Засгийн газраас оруулж ирэх нь зүйтэй гэсэн юм. Төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар иргэд, олон нийтээс санал авсан, үүнд иргэд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хамгийн ихээр илэрхийлсэн байж таарна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат дурдаад, иргэдийн өгсөн саналыг тусгахгүй бол санал асуух нь утгагүй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төрийн өмчит компаниудыг цэгцлэхэд л багш, эмч нарын цалин, хөлсийг нэмэгдүүлэх боломж гарна гэдгийг онцолж, Өргөдлийн байнгын хороо төсвийн төслийг нийтэд нь нягталж, өргөн хүрээнд авч үзэн, шийдэл гаргах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаач нарын цалин хөлс боловсрол, эрүүл мэндийн салбарынхнаас ялгаагүй гэдгийг танилцуулж, Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа цалин нэмэгдүүлэх тухай шаардлагыг нь хүлээн аваагүйгээс багш, эмч нар ажил хаявал түүнээс шалтгаалан гарах сөрөг үр дагавар, хор хохирлыг хэн хариуцах учиртай вэ гэдгийг магадлаад, цалин бага байгаагаас шалтгаалах бүхий л үр дагаварыг нарийвчлан судалж, асуудлыг иж бүрнээр Засгийн газарт оруулах саналтай байгаагаа хэлсэн юм. Байнгын хорооны дарга О.Номинчимэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дүгнэлт хэлж, Засгийн газар салбар хоороондын уялдаа, ойлголцлыг хангаж ажиллаж чадахгүй байгааг анхааруулан, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, 15 хувийн хэмнэлт гаргах замаар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрээ гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа онцолсон юм.
Иргэн Б.Номингийн нийтийн өргөдлийг Улсын Их Хурлын дарга Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Төсвийн болон Өргөдлийн байнгын хороодод хуваарилсан юм. Гурван Байнгын хороо асуудлыг хэлэлцсэний дараа хамтарсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулна гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг танилцуулж, бусад хоёр Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцүүлж байгаатай холбогдуулан хүрээ хязгаарт өөрчлөлт оруулах эсэхээс шалтгаалан бодлогын шийдвэр гаргахыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал дүгнэлтийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дараа нь хэлэлцлээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд нь П.Мөнхтулга, Д.Рэгдэл нарыг ажиллахаар тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцов. Мөн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Монгол Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын систем /www.petition.parliament.mn/-ээр нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоол баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Замира, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, М.Сарнай, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.