УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй байж чөлөөлөгдсөн гэсэн мэдээллийг хэвлэлд өгөх ярилцлагадаа дурдсан БЗС-гийн Гүйцэтгэх захирал О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайдаас салбарын сайдад нь өгчээ.
О.Сийлэгмаа нь БЗС-гийн зарцуулалт оновчгүй байгаа талаар, түүнчлэн зээлээс чөлөөлөгдөх үндэслэлийг хангаагүй байж чөлөөлөгдсөн иргэд цөөнгүй байгаа талаар анх “шүгэл үлээсэн” хүн. Түүнийг шүгэл үлээсний дараа энэ асуудал нийгмийн анхаарлын төвд орж ирсэн. Хэн хэн гэдэг даргын хүүхэд, хэн гэдэг төрчид тус сангийн зээлээр сурсан, хэн нь чөлөөлөгдөх нөхцөлийг хангаагүй байж зээлээс чөлөөлөгдсөн бэ гэдэг нь ил болж, эхнээсээ зээлээ эргэж төлсөн.
Б.Энхбаяр гишүүний хувьд тухайн сургуулиа төгсөөгүй байж, зээлээс чөлөөлөгдөх сайдын тушаал гаргуулсан нь ноцтой асуудал юм. Г.Занданшатар энэ үнэнийг илчилсэн төрийн алба хаагчийг ажлаас нь халах чиглэл өгсөн нь өөрийнхөө “илд бамбай”-г хамгаалж авч үлдэх гэсэн явуургүй үйлдэл.
Хууль зүйн сайдын албаа хараахан хүлээж аваагүй байж танхимынхаа тэргүүнээр дамжуулан нөлөөлөл үзүүлж, хууль бус шийдвэр гаргуулахыг санаархаж буй Б.Энхбаяр нь цаашид төрийн албыг өс хонзонд хөтлөгдөхгүй явуулна гэсэн баталгаа алга. Боловсролын сайд П.Наранбаяр уг нь О.Сийлэгмааг БЗС-гийн талаар шүгэл үлээснийх нь хувьд тус санг авч явж чадна хэмээн итгэл үзүүлж томилсон ч энэ удаа танхимынхаа тэргүүний шахалтад орсон бололтой, чиглэлийг дамжуулж хэлсэн байгаа юм.
Энэхүү жишээ нь Шүгэл үлээгчийн эрх зйүн байдлын тухай хуулийг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатайг харуулж байна. Уг хуулийн төсөл дуншсаар гурван оныг үдлээ. Энэ хуулийг батлах нь дарга нарт ашиггүй. Тиймээс хэлэлцэлгүй, гацаасаар өнөөдрийг хүрсэн. Учир нь аливаа “шүгэл” ихэвчлэн дарга нарын хууль бус үйлдэл, хээл хахуулийн эсрэг байдаг.
Уг хууль батлагдах юм бол “шүгэл үлээгч” иргэн болон төрийн алба хаагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн “шүгэл үлээгч” нь нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээснийхээ төлөө тухайн асуудлаас улсад орж ирсэн орлогын дөрвөөс 15 хүртэл хувийг урамшуулал болгон авах эрхтэй. Мэдээж, илт худал мэдээллээр шүгэл үлээсэн, эсвэл өмнө нь шалгаж үр дүнг нь мэдэгдсэн асуудлыг дахин хөндсөн бол “шүгэл үлээсэн”-д тооцохгүй юм.