m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2025.10.01 15:45
1747
МАН нэг гишүүнээ хөөж, 67 суудалтай үлдэх үү

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 17.00 цагаас хуралдахаар товлож, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

МАН-ын Хяналтын ерөнхий хороонд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд даргаар Б.Баттүшиг ажилладаг. Гишүүдэд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, М.Амартүвшин, Л.Батсүрэн, С.Банзрагч, Б.Батбаатар, Б.Батзаяа, О.Батчулуун, Х.Гэрэлт-Од, Ц.Пүрэвхүү, Н.Сайнбуян, Ц.Сүхбаатар, Д.Түвшинжаргал, Ц.Төмөрхүү, Б.Хэрлэн, Л.Цэнгүүнжав, Д.Энхболд нарын 18 хүн ажилладаг байна. Эдгээр 18 хүн өнөөдөр  хуралдаж, МАН-ын гишүүн байх эсэхийг шийднэ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Бага хурал дээр намаас хөөх асуудал ч яригдсан. Зарим гишүүд санал авч, гарын үсэг цуглуулж байна лээ. Хяналтын ерөнхий хороо үүнийг хэлэлцэх нь зүйтэй. Үеийн үед намаас хөөх асуудлыг багасгая гэж байгаа. Ярьж, сануулж болох ч хөөх нь зөв шийдэл биш" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Би гурвантаа МАН-аас хөөгдөж байсан хүний хувьд ямар нэгэн үндэслэлгүйгээр  хэн нэгэн битгий хөөгдөөсэй гэж бодож байна" гэсэн юм. 

Хэрэв түүнийг МАН-аас хөөвөл, нам бус гишүүн болж, УИХ дахь МАН-ын суудал 68-оос 67 болж буурна. Мөн нам бус ХЗДХ-ийн сайд болно. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр парламентад суудалтай өөр намд элсэх эрх хуулиар хязгаарлагдана.