m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2025.10.02 14:11
1791
Г.Занданшатараас болж МАН-ын нэр хүнд иргэдийн дунд унаж эхэллээ

Спикер байхдаа УИХ-ын сонгуульд  өрсөлдсөн мөртлөө арван хүний аравт ч орж чадаагүй, нас нь явж улстөрийн карьер нь харьсан ч өндөр хурдны лифтээр Ерөнхий сайдын суудалд заларсан гэгддэг Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнд ялагдсанаас хойш төрийн ордон үймээнтэй байна.

Ерөнхий сайд “Ном уншиж шатар тоглохыг л мэднэ, улстөрийн хор огт мэдэхгүй” гэсэн утгатай үг унагаж  гэмгүй гэнэн царайлсан хэрнээ хамгийн том хорыг хутгасан шигээ сууж байна.

Мань эр МАН-ын даргын сунгаанд өрсөлдөгч нь байсан Д.Амарбаясгаланг “алуурчин” гэж гүтгүүлэх тактикийг Хууль зүйн сайд асан Б.Энхбаяраар гүйцэтгүүлсэн хэмээн УИХ-ын гишүүд хардаж, шүүмжилж буй. Тэгвэл  хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд энэ хардлагыг нотолж орхилоо. Тэрээр гэнэтхэн л ард түмэндээ мэдэгдэл хийнэ гэж зарлангуутаа өрсөлдөгчийг нь илтэд гүтгэсэн Б.Энхбаярыг Хууль зүйд сайдаар “томилчихов”. Улстөр мэдэхгүй гэнэн нэгэн ч өрсөлдөгчөө намнуулахын тулд Б.Энхбаярыг сайд болгосныг нь олоод харчихаж байна.

Шуудхан хэлэхэд Ерөнхий сайдын  өрсөлдөгчөө намнах эхний даваа нь Б.Энхбаяраар Д.Амарбаясгаланг “алуурчин” гэж гүтгүүлэх байсан гэж учир мэдэх улстөрчид хэлж байна. Хоёрын давааныхаа гол дүрээр  Б.Энхбаярыг сонгосныг бодоход  энэ таамаглал үнэн бололтой. Юутай ч Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанд торох ч үгүй ялсан Д.Амарбаясгаланг намнуулахаар  аль байдгаараа улайрч явааг энэ мэт кейсүүдээс харж болохоор байгаа юм.

Г.Занданшатарын ичиж улайхаасаа өнгөрсөн энэ мэт цайрсан улстөржилт МАН-д л сөргөөр тусч байна. Наад захын жишээ гэхэд МАН-ын дотоод зөрчил түүхэндээ байхгүй дээд цэгтээ хүрлээ гэх мэссэж иргэдэд оччихлоо. Г.Занданшатарын хувьд МАН-аас хүртсэн өгөөж их. Лидерийн харизмгүй ч намынхаа нөлөө, буянаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд гэх мэт том албан тушаалууд хашиж явсан түүхтэй. Одоо гэхэд л УИХ-ын даргын сүртэй нөлөө, том хүчээр өрсөлдөөд арван хүний аравт ч орж чадалгүй парламентын сонгуульд ялагдсан хэрнээ УИХ-ын даргын барим тавим баримттай хэлсэнчлэн “Ерөнхийлөгч, экс Ерөнхий сайд хоёрын хооронд хов зөөж гүйсний” эцэст Ерөнхий сайдын өндөр суудалд заларчихсан яваа. Эргэн сануулахад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг Г.Занданшатар муудалцуулсан. Үнэнийг хэлье. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар энэ Ерөнхийлөгч чинь дахин сонгогдох нөхцөлөө бүрдүүлэх гээд байна шүү дээ гэдэг үгийг хамгийн анх Г.Занданшатар  Ерөнхий сайдад хэлсэн” хэмээн мэдэгдсэн юм.

Ийнхүү Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойш хийж буй үйлдэл бүр нь МАН-ыг түүхэнд байгаагүй том хагарал руу авааччихлаа гэж МАН-ын нөлөө бүхий гишүүд онцолж байна.  Иргэдийн дунд түүхэндээ байгаагүйгээр МАН-ын нэр хүнд унасан нь ч түүний улайрсан улстөрийн балаг мөнөөсөө мөн.

Энэ янзаараа цаашилбал Г.Занданшатарын хортой улстөр МАН-ыг 2027, 2028 оны сонгуульд шил дарсан ялагдал хүлээх том шалтгаан болохоор байна. Ялагдсан хонзогнол, хөшигний цаанаас өөрийг нь удирдаж буй олигархиудын хатгааст дэвэрсэн аархал, дараагийн Ерөнхийлөгч болох догдлол гэх мэт сэтгэл хөдлөл нь мань эрийг ямар ч утга авцалдаагүй, цочирдож ангайм шийдвэрүүд гаргахад хүргэж байх шиг.  Үүний хамгийн тод жишээ бол өмнө дурдсан Хууль зүйн сайдын цочмог томилгоо. Түүний энэ улайрлыг намынхан нь шок, гайхаш зэрэгцсэн мэдрэмжээр хүлээж авч байна. Эцэст нь онцлоход улайрсан улстөржилтөө хазаарлахгүй бол өөрийг чинь өдий өндөрлөгт  хүргэсэн нам чинь сүйрч мэдэхээр байна даа, Ерөнхий сайд аа.