m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 02:48
302
"Монгол эсгийний баяр" эхэллээ

Монгол Улсын нэгэн брэнд болсон эсгий, эсгий урлалыг олон нийтэд сурталчлан таниулах, эсгий хийх, түүнийг бүтээгдэхүүн болгох уламжлалт арга ухааныг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд тус дэм болох, уламжлалт аргыг орчин үетэй хослуулж буй туршлагуудыг дэмжих замаар жил бүрийн энэ өдөр Монгол эсгий урлалын баярыг Хужирт суманд зохион байгуулж байна. 

Дэлхийн соёлын өв болох Орхоны Хөндийд аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын салбарыг дэмжих, ингэснээр улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалах, байгальд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх, нутгийн иргэдэд орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ эвентийн нэг онцлог нь үзэгч, сонирхогчид бүгд гар бие оролцон хийх боломжтой бөгөөд цаашид Монгол туургатны олон улсын эсгийн эвент болох, мөн дэлхийн эсгий урлаачидтай хамтран бүтээлээ туурвидаг, харилцан туршлага солилцдог баяр болох  зорилготой.

Жуулчдын сонирхлыг татаж, тэднийг идэвхтэй байлгах үүднээс энэ өдрийн бүхий л арга хэмжээнүүдэд жуулчид өөрсдийн сонирхлоор хамтарч оролцох, өөрсдийн гараар хийх боломжийг олгож байгаа. Үдээс хойш хамгийн идэвхтэй бүтээл туурвисан, эсвэл хамтарч ажилласан жуулчныг урамшуулах болно.

Мөн нутгийн иргэдийн оролцоог дэмжих үүднээс нутгийн иргэдийн дунд төрөл бүрийн уралдаануудыг урьдчилан зарласан байгаа бөгөөд түрүүлсэн хүмүүст шагнал урамшуулал гардуулна.