Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төслийг бусад дагалдах 100 гаруй хуулийн төсөлтэй хамт боловсруулж, олон нийтээс санал авч байгаатай холбогдуулан МҮХАҮТ-тай хамтран бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний дунд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үлйдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар болон холбогдох албаныхан, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцлоо.
Тус хуулийн зорилго нь бизнес, худалдаа эрхлэгч болон хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг чөлөөтэй явуулах, өмчийн халдашгүй байдлыг баталгаажуулах, мэдээлэл авах, гомдол гаргах эрхийг хамгаалах, төрийн бодлого, эрх зүйн орчныг тогтвортой болгоход чиглэгдэж байгаа юм.
Төрийн зүгээс зөвхөн бодлогоор дэмжих, төрийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар хамтран ажиллахаар тусгаж байгаа юм.