Өмгөөлөгч О.Батхүү өөрийн амьдарч буй орон сууцаа зарахад төлдөг татварыг үгүй болгох саналыг гаргасан. Тус асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Иргэн өөрийн байр орон сууцыг худалдан борлуулахдаа хоёр хувийн татвар төлдөг. Энэ бол шударга бус, татварын давхцал үүсгэсэн байна гэж олон нийтийн өргөдөл санаачилсан. Энэ өргөдөл 100 мянган хүний санал аваад, УИХ-ын босго давсан.
Иргэн өөрийн амьдардаг орон сууцаа хоёр нөхцөлд зардаг. Нэгт, үнэхээр мөнгөний хэрэг гарсан. Хайртай дотны хүнээ эмчлүүлэх, хүүхдээ гадаад явуулж сургах. Эсвэл залуучууд гэр бүл болохдоо зээлээр байр авдаг. Хэсэг хугацааны дараа тухайн байраа томруулах зорилгоор зарахад улс дундаас нь хоёр хувийн татвар авч байгаа нь буруу гэж үзсэн. Мөн хашаа байшинд амьдардаг иргэд орон сууцанд орохын тулд хашаа байшингаа зарж байгаа. Тэгэхээр улс хоёр хувийн татвар аваад, орон сууц авахаар дахиад хоёр хувийн татвар авдаг. Үүнийг татварын давхцал үүсгэж байна гэж үзсэн.
Тус асуудлыг өргөдлийн байнгын хороогоор хэлэлцээд энэ бол зөв зүйтэй асуудал байна. Тийм учраас хууль болгож батлах шаардлагатай гээд шилжүүлсэн. Одоо төсвийн байнгын хороо дээр ирсэн байгаа. Тус хорооноос энэ асуудлыг судлах ажлын хэсэг гаргасан байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг томилогдсон. Би өргөдөл санаачлагчийн хувиар өөрийн биеэр оролцож, мэдээлэлд тодруулга өгөхийг хүссэн байгаа.
Яагаад гэхээр энэ хоёр хувь анх удаа орон сууц авч байгаа хүмүүст хамаарна гэх зэрэг худал мэдээлэл гарч эхэлсэн. Иргэн өөрийн байраа зарахдаа төлдөг татварыг л хүчингүй болгоё гэж байгаа.
Шууд дамжуулалт: