Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны “Асуудал-Шийдэл” иргэдтэй уулзах уулзалтыг 2025 оны 10-р сарын 06-ы өдөр Хулд суманд зохион байгууллаа.
Иргэдийн уулзалтад 150 гаруй иргэн хүрэлцэн ирсэн бөгөөд Газрын харилцааны чиглэлээр-65, Татвар-25, Улсын бүртгэлийн чиглэлээр-54, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ нийлээд 325 иргэн, нийт төрийн үйлчилгээг 469 иргэнд газар дээр нь хүргэлээ.
Хуралд иргэдийн зүгээс мал эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй, өвчний мэдээлэл хаалттай, шилжилт хөдөлгөөний хяналт сул байгааг шүүмжилж, ил тод нээлттэй мэдээллээр хангахыг хүслээ. Малчдын татварын ачаалал өндөр, ноосны урамшууллын олголт тодорхойгүй байгаа тул энэ чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. Гөлтгөний зам бэлчээр доройтуулах нөлөөтэй тул дахин зам гаргахгүй байх, хуучин маршрутыг ашиглах, зам дагуух газрын олголтыг ил тод, шударга байлгахыг хүслээ. Хятадууд жоншны уурхайд ажиллаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, хяналт тавих шаардлагатайг дурдав. Төрийн үйлчилгээ, дэд бүтэц, орон сууц, боловсрол, чөлөөт цагийн орчин, сургалтын төлбөр, халамжийн хүртээмжийг сайжруулах саналууд гарсан бөгөөд Бүлээний нутагт аялал жуулчлалын онцлог бүхий байршлуудыг сурталчлах саналууд мөн ирлээ.
Засаг даргын зүгээс тавигдсан санал хүсэлт, асуудлуудыг сонсож, холбогдох хариултуудыг өгч, асуудлуудыг шийдвэрлэх ба түргэн шуурхай шийдвэрлэхийг зорин ажиллана хэмээв.