Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.10.08 13:01
290
Н.Учрал: 149 төслөөс 105 төсөл буюу 70 хувь нь хэрэгжиж эхлээгүй байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, хэрэгжих боломжоор нь үнэлж, эрэмбэлж тэргүүн ээлжид хэрэгжүүлэх болон санхүүжилт, техник эдийн засгийн үндэслэл шаардлагатай төслүүдийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа. 

"Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын баримталж буй “Шинэ Итгэл-Шинэтгэл” бодлогын хүрээнд:

1. - Эдийн засгийн бүтцийн шинэчлэл;

2. - Эрчим хүчний шинэчлэл;

3. - Бүсчилсэн хөгжил;

4. - Ногоон хөгжил;

5. - Хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан чиглэлд нийт 149 төсөл, хөтөлбөрийг ангилсан.

149 төслөөс 22 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 54 төслийн ТЭЗҮ хийгдээгүй байгааг яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

- Төслийн хэрэгжилтийг харвал:149 төслөөс 105 төсөл буюу 70 хувь нь хэрэгжиж эхлээгүй байна.
- Төслийн бэлэн байдлыг харгалзан үзэхэд: Техник, эдийн засгийн үндэслэлтэй 85 төсөл, ТЭЗҮ-гүй 54 төсөл, ТЭЗҮ шаардлагагүй 2 төсөл, ТЭЗҮ-д тодотгол хийгдэж байгаа 8 төсөл байна.
- Улсын төсөвт туссан байдлаар нь авч үзвэл: 2025 оны улсын төсөвт 13 төслийн 353.9 тэрбум төгрөг, 2026 оны улсын төсөвт 14 төслийн 318.1 тэрбум төгрөг туссан.
Энэхүү төслүүдэд дээр дурдсан аргачлалын дагуу үнэлгээг хийж, тэргүүн ээлжид хэрэгжүүлэх нийт хөгжлийн төслүүдийг тодорхойлсон.

Энэхүү 81 төслөөс одоогоор 35 төсөл нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд ТЭЗҮ хийгдсэн болон ТЭЗҮ хийх шаардлагагүй 72 төсөл байна. Санхүүжилтийн эх үүсвэрээр харвал Гадаадын зээл, тусламжаар 17, Шууд хөрөнгө оруулалтаар 11, Улс болон орон нутгийн төсвөөр 18, ТХХТ-ээр 10, бусад эх үүсвэрээс 24 төсөл хэрэгжихээр байна.

Экспорт, гадаад худалдааг дэмжих төслүүд, эрчим хүчний төслүүд болон аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ажлын байр нэмэгдүүлж, шинээр бий болгох, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх ач холбогдол бүхий чухал ач холбогдолтой төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр эрэмбэлжээ.