Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.09 10:20
1097
П.Наранбаяр: Ирэх оны 1 сараас багш нарын цалинг 400 гаруй мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр, Шаардлагын хариуг багш нарын заасан хугацаанд өгсөн. Хуулийн хүрээнд зохион байгуулж байгаа жагсаалд бид хүндэтгэлтэй хандаж байгаа. Өчигдөр Ерөнхий сайд, Сангийн сайд болон миний бие үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзсан. Уулзаад санхүү, төсвийн эх үүсвэрийн талаар ярилцсан. 

Ерөнхий сайдаас эхний ээлжид 1 сарын 1-ээс цалинг 1 сая 850 мянган төгрөгт хүргэх чиглэл өгсөн. 1 сая 484 мянга байгаа өнөөдрийн цалинг 400 гаруй мянган төгрөгөөр нэмнэ гэсэн үг. Дараа нь ирэх оны 7-р сараас үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэх цаашлаад 3.5 саяд хүргэх судалгаа хийж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон. 

Ингэвэл маш бодитой нэмэгдэл гэж үзэж байгаа. Ингэснээр боловсролын салбарт ажиллах хүмүүс нэмэгдэнэ. Боловсролын салбар руу тэмүүлэх залуу үе нэмэгдэж эхэлнэ гэж харж байгаа. 

Багш нарын зүгээс 1000 долларт хүргэх шаардлага тавьсан. Гэхдээ энэ онд эхний ээлжид 2.5 саяд хүргээд цаашдаа нэмэх байр суурьтай байгаа. Санхүүгийн эх үүсвэр маш чухал. Тиймээс Монгол Улс орлогоо нэмэгдүүлж, олсон орлогоо хүндээ зарцуулдаг байх бодлого барина. 

Шууд дамжуулалт: