УИХ-ын гишүүн Э.Одбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Тэрээр "Засгийн асуудал өргөн баригдсанаас хойш албан ёсоор хуралдаагүй байгаагаас гишүүд өөр өөрсдийн итгэл үнэмшлээрээ аль аль талд нь гарын үсэг зураад явсан. Чуулганы өмнө бүлэг хуралдаж, нэгдсэн байр сууриа гаргаад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх тал дээр бат зогсоно.
Энэ хооронд тодорхойгүй 2,3 хоносноос хов хэл ам гарлаа. Гэхдээ МАН-ын даргын сунгаанд орсон хоёр төрийн өндөр албан тушаалтан намын хэрүүлээ тусгаар тогтнолын ордонд дуусгаж чадалгүй саарал ордонд авчирсан асуудалд бид хоёуланд нь баяртай гэж хэлэх ёстой. Нэг намын төлөөх хэрүүл ховноос үүдэж манай нам хагарна гэж байхгүй. Хоёрдугаарт төрийн ажил гацна гэж байхгүй. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажил хүүхдийн хичээл сургуулийн шинэ жил, эмч эмнэлгийн ажилчдын жагсаалыг сонсох сөхөөтэй хүн алга байна. Хэрүүл уруулаа өөрсдөө шийдэж чадахгүй бол манай нам шийдэж өгөөд, хоёуланг нь баяртай гэж хэлээд явуулна. Өнгөрсөн жилүүдэд засаг огцруулж байсан түүхийг харвал төсвөө баталчихаад огцруулж байсан бол энэ жил төсөв батлахаас өмнө хэрүүлээ эхлүүлсэн байна" гэлээ.