УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар УИХ-ын даргыг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд " Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь огцруулах тухай албан бичигт, Үндсэн хуульд Үндэсний эв нэгдлийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн гэж заасан. Нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэргээ албан тушаалаасаа огцорч, хараат бусаар шалгуулах шаардлагыг хүргүүлсэн. Гэвч УИХ-ын дарга шаардлагыг хүлээж авалгүй, төрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Ард түмний төрт ёс, түүх ёсны уламжлалыг хүндэтгэж, авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ биелүүлэх тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэж төрийн сүлдэндээ тангараг өргөсөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг монголын ард түмний сонгосон парламент удирдах эрхгүй гэж үзэж байна. Иймд таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах саналыг гаргасан. Энэ албан бичигт МАН-аас 24, Ардчилсан намаас 31, бусад нам эвслээс 2 нийт, 67 УИХ-ын гишүүн гарын үсэг зурлаа. Үүнийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулж өгнө" гэлээ.