m.mn
түрүүлж мэдээлнэ
Ярилцлага
3 цагийн дараа
189
М.Нямжав: Төр засаг тээвэрчдийг харж үзэхгүй бол хилээр нэг ч тонн нүүрс тээвэрлэхгүй

“Баян зам” ТББ-ын УЗГ М.Нямжавтай нүүрс тээврийн салбарт тулгамдаад байгаа асуудлаар ярилцлаа.

-Нүүрсний салбар манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн шүү дээ. Гэтэл яагаад энэ салбарт тээвэрлэлт хийж байгаа нүүрс тээвэрлэгчид ажилгүй болов?

-Нүүрсний салбар улсын төсөвтэй дүйцэхүйц 30 их наяд төгрөг олдог. “Эрдэнэс ТТ” хамгийн их нөөцтэй, энэ ордын орлого улсын төсөв бүрдүүлж, валютын нөөц бүрдүүлдэг. Ковидын өмнө нүүрсний үнэ ханш гайгүй, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнтэй  байсан. Хэдийгээр нэг худалдан авагчтай ч 40-50 ААН худалдан авдаг, өрсөлдөөнтэй байсан. Ковидоор халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой , мөн валютын нөөц нэмэх зорилготой ЗГ-ын тогтоол энэ салбарт их нөлөөлсөн. Ковидын халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой хятадын ААН  нүүрс худалдан авах боломжгүй болонгуут оптэйк гэрээтэй дөрвөн том худалдан авагч л   үйл ажиллагаагаа тогтвортой явуулсан. Ингээд дөчин компаниас дөрөв болж компанийн тоо буурсан.  

-ЗГ-ын тогтоол энэ салбарын тээвэрчдэд яаж нөлөөлсөн бэ?

-Ковидоос өмнө монгол компани хийж байсан. Ковидоос хойш дөрвөн хятад компани өөрсдөө 200 гаруй тээврийн компанитай болж, өөрсдөө тээврийн хэрэгслээ оруулж ирээд монгол тээвэрчдийг ажилд авахаа байсан. Өөрийн юмаа өөрөө хийнэ , монгол тээвэрчдээр ажил хийлгэх сонирхолгүй байнаа гэсэн. Үүнээс үүдэж тээвэрчид ажилгүй болсон. Хөрөнгийн биржээр  тендрээр тээвэр зохион байгуулж эхэлсэн. Үндэсний тээврийн компаниуд “Эрдэнэс тавантолгой” компанийн хөрөнгийн биржээр борлуулж буй нүүрсийг л хамгийн бага үнэ санал болгосон нь авах байдлаар ажил нь 5 дахин багассан. Мөн хамгийн бага үнэ хэлсэн нь тээвэр авдаг болсноор орлого гэх зүйлгүй болсон. Ингэхээр жолоочдоо цалинг нь өгөх, шатахуун түлш авах, дугуй хагарлаа гэхэд сэлбэг засвар үйлчилгээг нь хийх гээд ашиггүй тээвэр болж хувирсан.

-Нүүрс тээврийн салбарт хэдэн жолооч ажиллаж байна?

-Гашуунсухайт дээр 25000 мянган жолооч байна. Үүнийг хэрхэн гаргаж байна вэ гэхээр АТҮТ дээр бүртгэлтэй машины тоогоор гаргаж байгаа юм. Шивээ хүрэнд 3500 орчим, Хөшөөтийн уурхайд 3000 орчим, Ханги мандалын боомтод 3000-5000 орчим, Бичигтийн боомтод 2000 орчим жолооч тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Ингээд бодохоор 50 мянган тээвэрчин, ар гэр хүүхэдтэй нь хамт бодвол 250 мянган хүн энэ салбартай холбоотой, ахуй амьдралаа залгуулж байна. Нэг үе нүүрсний тээврийг Монголын Солонгос гэдэг байсан бол одоо ахуй амьдралаа залгуулах нь бүү хэл зээлээ ч төлж чадахгүй, банкнаас шаардах хуудас аваад сууж байна. Энэ бүгд төрийн тогтворгүй бодлоготой холбоотой. ЗГ тогтоол гаргах бүртээ валютын нөөц нэмэхээ л бодсоноос энэ салбарт ажилладаг тээвэрчид яах билээ, ар гэр нь яах билээ гэж бодоогүй. Бидний эрх ашиг зөрчигдөж байна. Иймээс бид ЗГ-т гурван санал бүхий шаардлага хүргүүлж байгаа. Нэгдүгээрт нүүрс тээврийн салбараас төрийн оролцоог гаргах, ЗГ тогтоол гарах бүрт тээвэрчдийн эрх ашгийг орхигдуулж байгааг анхаарах, өнөөдрийг хүртэл гарсан ЗГ-ын тогтоолын үр дүнгээр дүгнэт хийж, ажлын хэсэг байгуулахыг хүсч байгаа.

Хэрэв энэ шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно. Хөрөнгийн биржээр тендерт оролцохгүй, нэг ч тонн нүүрс зөөхгүй зогсох хүртэл арга хэмжээ авна.