Эрх баригч намын дотоод тэмцэл гаарч, улс төр улайссан өдрүүд үргэлжилсээр. Өнгөрөгч баасан гараг /2025.10.10/-т ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч шийдвэр гаргалгүй, даваа гарагт үргэлжлүүлэхээр завсарласан. Өнөөдөр /2025.10.13/ үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч ирц нь бүрдсэнгүй, хойшлууллаа. Бүлгүүдийн хурал дуусаагүй гэх ч үнэн хэрэгтээ хоорондоо тохиролцож чадсангүй юу эсвэл цаг хожих гэсэн л үйлдэл харагдаж байгаа юм.
Г.Занданшатарыг огцруулах тухай УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн бланк дээр 47 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барьснаар энэ асуудал байнгын хороо руу орсон нь энэ. Энэ долоо хоногтоо багтан, нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.
Нөгөө талд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай З.Мэндсайхан гишүүний бланк дээр 67 гишүүн гарын үсэг зурж нэгдсэн бөгөөд УИХ-д өргөн барьсан ч хараахан хэлэлцэж эхлээгүй байгаа. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байгаагаас харахад, УИХ-ын дарга өөрийн эрх мэдлээ ашиглаж байна уу гэлтэй. Эхлээд Г.Занданшатарыг унагаачихвал дараа нь УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх үед гишүүдийг өөрийн талд санал өгүүлж чадна гэж тооцоолсон биз.
Төрийн өндөрлөгүүдийн талцал төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг зарим талаар сааруулах байдал анзаарагдаж байгаа ч тодорхой хэмжээгээр ард түмэн хожиж байгаа тал ч бас байна. Өөрөөр хэлбэл, бие биенийхээ “бөгсийг ухсан” хэрүүл тэмцэл дундаас ард түмний мэдэх ёстой олон зүйл ил болж буй. Тухайлбал, нүүрсний “оффтейк” гэрээнүүдийг хэний үед ямар компанитай ямар нөхцөлөөр байгуулсан бэ, нууцад шилжүүлэх шийдвэрийг хэн гаргаж, хэн гарын үсэг зурсан, хэн дэмжсэнийг бид харлаа. Нийт 36 оффтейк гэрээний 31 нь “Бодь” группт хамаарч байгаа нь асуудал яах аргагүй мөн. Ганцхан компанид хэт давуу байдал олгосон нь шударга өрсөлдөөнийг боомилсон хэрэг.
Энэ давуу байдал, тэгш бус боломжийг тус группт хэн олгосон бэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ҮАБЗ-ийн гишүүн байсан. “Бодь”-ийн Баясгалан, “женко” Х.Баттулга нар хэзээнээсээ “зуз” гэдгийг монгол даяараа л мэднэ. Тэгэхээр энэ группийн ашиг сонирхлыг хамгаалсан хүн нь хэн гэдэг нь ч тодорхой. Гэхдээ ҮАБЗ-ийн бусад гишүүд ч бас дэмжсэн төдийгүй гэрээнүүдийг нууцлах зөвлөмжийг Засгийн газарт өгсөн байгаа юм.
Өнөөдөр Г.Занданшатар оффтейк гэрээнүүдийг ил болголоо хэмээн “чээжээ дэлдэж” байгаа ч үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нууцаас гаргачихсан гэдгийг тэрээр гурав хоногийн өмнө хуралдсан ТББХ-ны хуралдааны үеэр хэлсэн. Гэхдээ тухайн үедээ олон нийтийн анхаарлын төвд оруулах талаар дорвитой алхам хийлгүй өнгөрсөн нь түүний алдаа. Харин Г.Занданшатар хэдий "шоудаж" байгаа ч гэлээ нийгмийн анхаарлын төвд оруулж чадлаа. Гэхдээ “хулгайчийг бариарай” хэмээн чангахан хашгиртал өөрөө тэр хулгайч нарынх нь нэг байж таарсан.
Одоо бид яах ёстой вэ? Оффтейк гэрээнүүдийг цуцалж, шинээр тендер зарлах уу? “Бодь” групп дүрмийн дагуу оролцоод шалгарвал тэр л биз. Гол нь үнийн дүн нэмэгдэж, Монгол Улс хожих ёстой. Дотоодын компаниудтай бол учраа ололцож болох байх. Харин гадны компаниуд оролцсон гэрээний маргаан Арбитрын шүүх дээр очиж, нэлээд сунжрах байх. Бас ялалт манай талд ирнэ гэсэн баталгаа үгүй. Нөгөөтэйгүүр, Монгол төрийн шийдвэр залгамж халаагүй, тогтворгүй гэсэн мэссэжийг олон улсад өгч, хөрөнгө оруулагчид ч үргэх байх. Аль нь бидэнд илүү хор учруулах вэ, аль нь бидэнд өгөөжтэй байх вэ гэдгийг тооцоолоод, ямар нэг шийдвэрт хүрч, арга хэмжээ авах л хэрэгтэй. Эс бөгөөс албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэн нэгэнд давуу байдал олгосон, авлига авсан энэ олон ёс зүйгүй үйлдлүүд үргэлжилсээр л байх болно.