ТББХ-ны хурал өнөөдөр 11 цагт болж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч тус хорооны дарга Ц.Сандаг-Очир ТББХ-ны хуралдааныг хааж, дараагийн хуралдах цаг товыг тогтсоны дараа мэдээлэхээр боллоо гэх мэдээлэл өгөөд байгаа. Тиймээс тус асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: ТББХ-ны даргаас өөрөөс нь маш тодорхой асуух хэрэгтэй. Бид юу ч ойлгосонгүй. Маш харамсалтай зүйл болж байна. Өнгөрсөн баасан гарагт ТББХ-ны хурал маш өндөр ирцтэй хуралдсан. Түр завсарласан. 5 дахь өдрийнхөө ирцээр өнөөдөр хуралдах бүрэн боломжтой. 30 гишүүний 22 гишүүн гэдэг бараг 70 гаруй хувийн бүрэн ирцтэй байлаа. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар, тодорхойгүй хугацаагаар гэнэт хойшлуулчихлаа.
10 гишүүний үг хэлэх процесс үлдсэн байсан. Би хамгийн түрүүнд хэлэх байсан. Хугацаандаа орж ирсэн. Миний дараа үг хэлэх 4-5 гишүүн ороод ирсэн байсан. Хурал үргэлжлүүлэх санал тавьсан боловч бидний саналыг хүлээж авсангүй. ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир өөрөө шууд хойшлуулчихлаа.
Баасан гарагт болсон хуралдааныг ойлгож болж байна. 18 цагт ажлын цаг дууссан учраас ТББХ-ны дарга өөрийнхөө бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуралдааныг завсарлуулсан. Гэтэл одоо ажлын цагаар ирц нь хүрчихсэн байгаа Байнгын хорооны хуралдааныг тодорхойгүй хугацаагаар, тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байгаа нь маш харамсалтай.
Нэг хэлсэн шалтгаан нь ирцэд байгаа гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй байна гэсэн. Одоогийн УИХ-ын дэгээр УИХ-ын чуулганд ирцэд орчхоод байхгүй байгаа гишүүд эсрэг саналд ороод явж болдог.
Энэ бол УИХ-ын дэгийг зөрчлөө. Дэг зөрсөн учир Үндсэн хуулийн зөрчил энэ асуудал дээр үүснэ. АН-аас Л.Гантөмөр гишүүн орж ирсэн. Гэхдээ үг хэлэх 10 гишүүдийн дунд АН-ын гишүүн байгаагүй. Бүлгийн хурал нь давхацсан тул байнгын хорооны хурал эхэлж байг, санал хураах үеэр нь ороод ирнэ гэдгээ мэдэгдсэн.
Шууд дамжуулалт: