Нүүрсний оффтейк гэрээнүүдийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед төрийн нууцад оруулсан байсан ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нууцаас гаргасан. Харин өнөөдөр Г.Занданшатар нийгмийн анхаарлын төвд авчирлаа. Үүнтэй зэрэгцээд ямар асуудлыг нууцлах ёстой вэ, ямрыг нь нууцлах шаардлагагүй вэ гэдэг мэтгэлцээн ч өрнөж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр төрийн нууцын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Олон улсын жишгээр гурван тохиолдолд мэдээллийг нууцалдаг. Нэгдүгээрт, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой төрийн нууц байдаг. Үүнд гэмт хэрэгтэй холбоотойгоор гэрчийг нууцлах асуудал ч багтдаг. Хоёрдугаарт, хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой нууц гэж бий. Гуравдугаарт, бизенсийн нууц гэж байдаг. Энэ нь зөвхөн хувийн хэвшилд хамаарна. Манайх хувийн хэвшилд байдаг нууцыг “байгууллагын нууц” болгон оруулж ирэхдээ төр ч гэсэн байгууллага гээд төрийг хамааруулчихсан. Улмаар “албаны нууц” гэж өргөтгөөд, 2016 онд хуульчилсан. Ингэснээр төрийн байгууллагууд болон Төрийн өмчит компаниуд юу нууцлахыг хүсэж байна, түүнийгээ нууцалдаг болсон.” хэмээн мэдэгдсэн.
Тийм ээ, төр нь ч, төрийн өмчит компаниуд нь ч юу хүссэнээ нууцад шилжүүлж, “нууц” нэрийн дор тендергүй төсөл хэрэгжүүлж, аль нэг компанид давуу эрх олгон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргах болсон. Нууц байх тусам хулгай луйвар дагадаг, хуудуутай тусмаа нууцалдаг нь маш энгийн логик.
Төрийн нууц гэдэг нь уг нь задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд аюул заналхийлэх, хохирол учруулах хэмжээний үр дагавартай, төрийн хамгаалалтад зайлшгүй байх мэдээллийг хэлдэг. Гэтэл манай эрх баригчид өөрсдийн үзэмжээр дурын мэдээллээ нууцад шилжүүлж, нэр холбогдсон хулгай, луйвраа халхавчлах нуувч болгож ашиглах болсон нь харамсалтай.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар зургаан бүлгийн 62 төрлийн мэдээллийг нууцад хамааруулсан байдаг. 2016 онд буюу М.Энхболд даргатай парламентын үед энэ хуулийг баталсан. Хууль батлагдсанаас хойш хоёр жилийн дотор манай төрд “нууц” гэсэн тамгатай 600 орчим мэдээлэл хадгалагдаж байсан. Энэ тоо одоо илүү өссөн биз.
Цаашид хуульд заасан нууцлах мэдээллийн төрлийг эргэж харах шаардлагатай. Ялангуяа төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрүүдийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байхыг шаардаж буй энэ цаг үед “нууц” дардастай мэдээлэл байх нь зохимжгүй юм.