УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж ЗГ болон УИХ-ын даргыг огцруулах асуудал процессын хувьд хэрхэн өрнөх ёстой талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоногт зайлшгүй нэг удаа хуралддаг. Шаардлагатай үед хоёроос гурван удаа хуралдах үе гардаг. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг өмнөх долоо хоногийн баасан гарагт хуралдаад парламентын албан ёсны вэ хуудаст байршуулдаг.
Өнгөрсөн долоо хоногт гаргасан товын дарааллаар өнөөдөр үдээс өмнө ТББХ хуралдаад, үдээс хойш нь нэгдсэн чуулган хуралдах ёстой байсан.
Дэгийн тухай хуулийн 13.1.9 дэх заалтыг үндэслэн тус байнгын хорооны хуралдааныг ирэх долоо хоногийнх даваа гарагт үргэлжлүүлнэ гээд алхаа цохисон. Тиймээс даргын дэргэдэх зөвлөл өчигдөр дахин хуралдаж, товыг шинэчилсэн.
Өнөөдөр ТББХ 11 цагаас хуралдаж эхлэх ёстой байсан ч Ц.Сандаг-Очир дарга 30 минут хүлээсэн. АН-ын бүлэг мөн цаг давхцуулан хуралдсан. Энэ пүрэв гарагт төсвийн хэлэлцүүлгээс өмнө ЗГ-ын асуудлыг хэлэлцэх ёстой.
Даргын дэргэдэх зөвлөлд таслах эрхтэй 17 гишүүн, хоёр бүлгийн дэд дарга, шаардлагатай бол дэд хорооны дарга нар гээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуралдаад, хэлэлцэх асуудлаар санал хураадаг. Даргын зөвлөл баталсан бол бүлэг ч тэр, байнгын хороод ч тэр, дэд хороодын хурал ч тэр хурал хоорондын уялдаа холбоогоо хангаад ажиллах ёстой гэв.
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн барьсан уу гэсэн асуултад хариулахдаа “УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Тамгын газарт биш Улсын Их хуралд оруулж ирдэг. Д.Амарбаясгалан даргыг огцруулах хүсэлт өнгөрөгч баасан гараг /2025.10.10/-т УИХ-д ирсэн.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нийт гишүүний ¼ нь санал нэгдсэн бол УИХ заавал хэлэлцдэг. Гурваас арав хоногийн дотор бүх асуудал эцэслэгдэн шийдэгдсэн байх ёстой.
Харин УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бүхий саналыг парламентын 64 болон түүнээс дээш тооны гишүүд өргөн мэдүүлэх юм бол УИХ хэлэлцэх ёстой. Гэхдээ төд хоногийн дотор хэлэлцэх ёстой гэсэн хуулийн хязгаарлалт байхгүй.“ гэв.
Шууд дамжуулалт үзэх: