Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.14 11:05
2727
Туйлдсан багш нар пүрэв гарагаас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэв

П.Наранбаяр сайдын мэдэгдэл багш нарыг бухимдуулав. Тэрээр өчигдөр /2025.10.13/ төрийн ордонд хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Багш нарын цалинг үе шаттайгаар нэмнэ гэсэн боловч Үйлдвэрчний эвлэлээс шууд 3.5 сая болгохыг шаардаж, ажил хаяна гэлээ. Үүнийг өнөөдрийн энэ хүнд нөхцөл байдлыг далимдуулж “улс төр” хийж байна гэж үзэхээс өөр арга алга” гэсэн юм.

Ачаалал их ч цалин бага багш нар туйлдаж, цалингаа нэмүүлэхээр төрийн ордны гадаа суулт зарласан. Гэвч хүссэн үр дүндээ хүрээгүй учраас улс орон даяар боловсролын байгууллагын ажилтнууд энэ сарын 16-ны өглөөний 08:00 цагаас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ эцэг эхчүүдэд мэдэгдэж эхэллээ.

Багш нарын үндсэн цалин 1,480,000 төгрөг.Зарим багш нар илүү цагийн нэмэгдэл, урамшуулал авдаг ч нийгмийн даатгал, татвараа төлөөд гар дээрээ 1,500,000-1,700,000 мянган төгрөг авдаг байна.

“Багш нарын ихэнх нь ээлжийн амралтаараа гадагшаа явж хар ажил хийж, хоолны газар, барилга дээр ажилладаг. Хүүхдүүдэд, мэргэжилдээ хайртай учраас л салбартаа торойж үлдэж байна. Төр засгаас багш нартаа ажиллах итгэл, нийгмийн баталгааг өгөөч гэж хүсэж байна” гэв.