УИХ-ын гишүүд нэгдсэн чуулганд суухаас гадна 11 байнгын хороонд мэргэжил болон сонирхлын дагуу хуваагдан ажилладаг. Мөн Төсвийн зарлагын болон Хүний эрхийн гэх мэт таван дэд хороо дэргэдээ ажиллуулдаг.
Эдгээрээс гадна гишүүдийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулж болдог. Чингэхдээ УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 32-оос доошгүй тооны гишүүдийн дэмжлэг авах шаардлагатай бөгөөд нэг ээлжит чуулганы хугацаанд хоёр л Түр хороо байгуулахыг хуулиар зөвшөөрдөг аж. Үүнийг Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасан байдаг.
Түр хороо нь зургаан сарын дотор тухайн асуудалтай холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, дүн шинжилгээ хийн, тайлангаа УИХ-д тавиад татан буугдах ёстой. Тэгвэл энэ ээлжит чуулганы хугацаанд О.Батнайрамдал гишүүнээр ахлуулсан Оюутолгойн асуудлаарх хянан шалгах Түр хороо хэдийнэ байгуулагдан ажиллаж байгаа.
10 дугаар сарын 09-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар Харбины хэлэлцээрийг хянан шалгах Түр хороо байгуулахаар 32 гишүүний дэмжлэг аваад байгаагаа мэдэгдэж байсан. Гэхдээ тогтоолын төслөө өргөн барьсан эсэх нь тодорхойгүй. Гэтэл сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ Харбины хэлэлцээрээр хянан шалгах Түр хороо байгуулахад саад болох гэж өрсөөд Ухаа худагийн асуудлаар Түр хороо байгуулахаар болчихлоо гэсэн мэдээлэл хөврөв.
Хэрэг явдлыг эргэн саная. Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын 33 гишүүн 10 дугаар сарын 06-ны өдөр “Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнээс гурван өдрийн дараа Д.Ганбат нарын гишүүд Түр хороо байгуулах ирц бүрдлээ хэмээн мэдэгджээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд Л.Оюун-Эрдэнэ түрүүлж, Д.Ганбат, Ж.Баярмаа нар хоцорсон байгаа юм. Тэгэхээр энэ Түр хороог байгуулъя гэвэл хаврын ээлжит чуулганыг хүлээх хэрэгтэй болно. Хугацаа алдах нь буруутай байж болзошгүй талд ул мөрөө баллах боломж олгох эрсдэлийг дагуулж байгаа юм.
Л.Оюун-Эрдэнэ нарын өргөн барьсан Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2025.10.14/ 14 цагт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ. Тогтоолын төсөлд тусгаснаар уг Түр хороо нь дараах гурван асуудлыг хянан шалгах аж. Үүнд:
Харин Ж.Баярмаа нарын байгуулахаар завдаж байсан Түр хороо нь Ганшуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын төсөл буюу Харбины хэлэлцээр, түүнчлэн “нууц”- хэмээх дардастай байсан нүүрсний оффтейк 36 гэрээний 81 хувийг яагаад ганцхан “Бодь” групптэй байгуулсан учир шалтгаан болон гэрээний нөхцөл зэргийг хянан шалгахаар төлөвлөж байсан гэж ойлгогдож байгаа.
Ухаа худгийн ашиглалт болон нүүрсний нууц гэрээнүүдийн аль аль нь Монгол Улсын ашиг сонирхол, ард түмний эрх ашгийг хангасан эсэх нь эргэлзээтэй, маргаан дагуулж байгаа асуудал болохоор хоёулан дээр нь хянан шалгах Түр хороо байгуулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэтэл хуулиараа нэг нь боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн байгаа юм.
Энэ бүхнийг тоочихын учир нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд хоёрхон Түр хороо байгуулахаар хязгаарласан нь хууль тогтоогчдын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх болон ард түмний мэдэх эрхийг боомилсон, хуудуутай хуулийн заалт байгааг хэлэх гэснийх. Энэ зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг хэн нэгэн нь санаачилж, өргөн барих хэрэгтэй байна шүү, эрхэм гишүүд ээ!