Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
3 цагийн дараа
240
Үлээсэн шүгэлдээ эзэн болж, үйлийн үрээ эдлэхдээ ч бэлэн байгаарай

Хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ЭЗБХ-ны энэ өдөр /2025.10.14/-ийн 14 цагт товлосон хуралдаан хэлэлцэх асуудлын бэлтгэл хангагдаагүйн улмаас хуралдсангүй. Байнгын хорооны дарга хуралдаан нээснийг мэдэгдсэнээс хойш гурван минутын дараа алх цохиж, хуралдааныг хаалаа. Сүүлийн өдрүүдэд төрийн ажил иймэрхүү байдалтай, цалгардаж буй. Монгол Улсын Их хурлын тухай хуулиар жил бүрийн намрын чуулганаар Төсвийн тухай хуулийг хэлэлцдэг бөгөөд 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө батлах хуультай. Гэтэл энэ намрын чуулганаар Төсвийн хуулийн дундуур эрх баригч намынхны “зодоон” орж ирж, хэлэлцүүлгийг саармагжуулаад байгаа.

Тэдний нам доторх эрх мэдлээ бататгах гэсэн тэмцэл нь төрийн институц хоорондын тэмцэл болон хувирч байгааг бид бэлхэнээ харж буй. Нэг намын дотоод хагарал нийт улсын зовлон болж буй энэ цаг дор төсвийн хуулиа батлахаас эхлээд түмэн ажил шийдлээ хүлээж байгааг эрх баригчид, эрхэм түшээд маань анхааралдаа авна уу!

Г.Занданшатарын Засгийн газар 100 хоногоо тэмдэглэхдээ эдийн засгийг сэргээлээ хэмээн сүржин мэдэгдсэн. Бодит байдал дээр эдийн засаг сэргэж тэлэх биш хумигдсаар байна. Хоёрхон салбар дээр жишээ авъя.

Орон сууцны олон хороолол энд тэндгүй сүндэрлэн босож байгаа ч борлуулалт нь анхаарал татаж байна. Өнөөдөр тансаг зэрэглэлийн орон сууцнуудын эрэлт нэмэгдэж, нэг болон хоёр өрөө бүхий бага талбайтай орон сууцнуудын борлуулалт эрс буурч байгааг барилгын салбарт бизнес эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгийн зууч агентууд хэлж байна. Энэ нь нэг талаар авлигын мөнгө  үл хөдлөх хөрөнгөд шингэж байгааг, нөгөөтэйгүүр дундаж давхарга буурч байгааг харуулж байгаа юм.

Дараагийн жишээг авто машины борлуулалт дээр авч үзье. Авто машины худалдааны бизнес эрхэлдэг Н.О өмнө нь сард арваад машин зардаг байсан бол одоо арай хийж хоёроос гурван ширхэг машин барьж байна гэсэн бол ажлынхаа хажуугаар авто машины худалдаа эрхэлдэг иргэн Д.М гурван ширхэг автомашин оруулж ирээд, түүнийгээ борлуулах гэж хагас жилийн нүүр эзэж байгаагаа хэллээ. Мөн  иргэн Н.Т шинэ машин худалдаж аваад, хуучныгаа зарах гэж хоёр сар зар тавиад одоо хүртэл эзэн олдоогүй талаар хэлж байна.

Эдийн засгийн сэргэлт гэдэг цаасан дээрх том тоогоор илэрхийлэгдэхгүй. Өрх бүрийн хөргөгчид өрөгдөх хүнс, иргэн бүрийн дансанд хадгалагдах мөнгөөр хэмжигдэх үзүүлэлт юм.

Багш нар нь цалингаа, ахмадууд нь тэтгэврээ нэмүүлэх гэж жагсаж, тэмцэж буй энэ өдрүүдэд тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэхэд ухаанаа уралдуулахын оронд өөр хоорондоо “алалцаж” байгаа нь эрүүл хандлага яавч биш.

“Оюутолгой” төслийг санхүүжүүлэхэд авсан зээлийн хүүнд өдөр тутам 10 тэрбум төгрөг “гоожиж”, Оюутолгойн бүлэг ордоос хоёрыг нь эзэмшиж байгаа “Онтре” компани монголыг баялгийг бусадтай наймаалцаж байхад минут секунт алдалгүй хэлэлцээрийн ширээний ард суухын оронд минийх, чинийх хэмээн албан тушаалаа булаацалдах төрийн түшээдэд улсаа гэх ухамсар, түмнээ гэх сэтгэл огтхон ч алга.

Дээрээ  гүйдлээ олохгүй бол дороо суудлаа олохгүй. Та нар эв зүйгээ олохгүй бол энэ улс эмх цэгцэндээ орохгүй шүү, эрхэм түшээд ээ! Эв зүйгээ олно гээд хийсэн хэргээ наймаалцахыг хэрхэвч зөвшөөрөхгүй шүү, ард түмэн. Үлээсэн шүгэлдээ эзэн болж, үйлийн үрээ эдлэхдээ ч бэлэн байх хэрэгтэй, төр самрагчид аа!