Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
5 цагийн дараа
837
Ж.Галбадрах: Зам тээврийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт боловсролын салбараас хоёр дахин их

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж бий эсэх талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Багш нар ажил хаялт зарлах гэж байгаад боловсролын салбараас төрөн гарсан гишүүний хувьд сэтгэл маш их эмзэглэж байна. Ажил хаяхаар хүүхдүүд хохирно. Энэ асуудлаар хувиараа Сангийн сайдтай уулзлаа. Бүлгээс улс төрийн шийдвэр гаргуулж, Засгийн газар, Ерөнхий сайдад шийдвэрээ хүргүүлэх байр суурьтай байгаа.

Багш нарын үндсэн цалинг он гармагц 1.85 сая, ирэх намар 2.5 сая, түүний дараа 3.5 сая төгрөгт хүргэе гэж байна. Үүнийг бодитой ажил болгох шаардлагатай.

2026 оныг Боловсролыг дэмжих жил болгохын тулд холбогдох тооцооллыг хийсэн гишүүний хувьд хэлэхэд, 2028 он хүртэл бидэнд 14 мянган багш шаардлагатай байгаа. Эдгээр багшийг бэлтгэхийн тулд цалинг шат дараатай бэлтгэх ёстой. Энэ талаар асуудал оруулж ирэхээр чуулган, байнгын хороогоор хэлэлцэхгүй байгаад санаа зовж байна.

Багш нарын цалинг 25 хувиар нэмэхэд 560 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл одоогоор 100 тэрбум төгрөг л төсвийн төсөлд тусгагдаад байна. Багш нарын үндсэн цалин 1.45 сая төгрөг боловч янз бүрийн нэмэгдлүүд ороод дундаж цалин 2.9 сая төгрөгтэй байгаа. Тэгэхээр нэмэгдлүүд нь үндсэн цалингаасаа бараг илүү гэсэн үг. Шинээр ажилд орж байгаа залуу багш нарын тухайд бусад нэмэгдлүүд бодогдохгүй, үндсэн цалин нь бага байдаг.

Төсөв бол бодлогын толь байдаг. Зам тээврийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт боловсролын салбараас бараг хоёр дахин их байна. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар л боловсролын салбарын бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлж байгаа гэв.

Шууд дамжуулалт үзэх: