УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас цаг үеийн асуудлуудаар тодрууллаа.
Таны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ажил хангалтгүй байна, төсвийн хуваарилалт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байна гэдэг асуудлыг байнга хөндөж ирсэн. Энэ удаагийн төсөвт ч мөн шүүмжлэлтэй хандаж байгаа. Яг ямар асуудлыг хөндөж байгаа вэ?
Төсвийн захирагч бүр, яам бүр, Засаг дарга бүр манай харьяалалд хөгжлийн бэрхшээлтэй ийм ийм хүмүүс байна, үүнд зориулж ийм юм хийхээр болсон гэдэг ангиллаа ирүүлж байгаа төсвийн файлдаа тусдаа багана үүсгээд ирүүлээд өгөөч ээ гэдэг хүсэлтийг амаар болон бичгээр өгөөд, жил гаран болж байна. Гэтэл ирүүлэхгүй байна. Ийм нөхцөлд бид энэ нь буруу, тэр нь зөв гэдгийг яаж ялгах юм бэ, ямар хэлэлцүүлэг хийх юм бэ?
Үүнийг хэлэхээр зуухан хоног болсон Засгийн газар гэж яриад байгаа. Гурван жилийн өмнө Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл яг энэ төсвийн баганы талаар яам бүр дээр очоод ярихад нэг л Сангийн сайдыг харсан. Өнгөрсөн жил төсвийг хэлэлцэхэд ч би тэр л сайдыг харсан. Энэ жил ч ялгаагүй. Засгийн газар шинэчлэгдсэн ч Сангийн сайд нь хэвээрээ л байгаа. Сүүлийн гурван жилд ганцхан л сайдыг харсан. Сайд нь хэвээрээ, түүний баг ажиллаж байхад яагаад зуухан хоног гэж яриад байгаа юм бэ. Энд туршлага, төрийн бодлогын залгамж гэж байх ёстой.
Би байшин бариад өгөөч, зам тавиад өгөөч гэж гуйгаагүй. Иргэдэд болон надад, миний ард байгаа хүмүүст төсвөө ил тод, ойлгомжтой байдлаар томъёолоод өгөөч ээ гэдэг шаардлага л тавиад байгаа юм. Ингэж томъёолох нь төсвийн хүртээмжийг сайжруулах “А” үсэг шүү дээ. Хэлээд байхад сонсохгүй байгаа нь дүлий байна гэсэн үг. Тайлбарлаж, зааж өгөөд, бүр гарын авлага боловсруулж өгөөд байхад хийхгүй байна гэдэг сэтгэлгүй байна гэсэн үг.
Төсвийн хэлэлцүүлэг дээр би зарчмын санал оруулна. Үүнийг гишүүд маань бас дэмжээд өгөөсэй гэж хүсэж байна.
Таныг нүүрсчин, алтны наймаачин, мөн А.Ариунзаяа гишүүнтэй ураг төрлийн холбоотой гэх мэт мэдээлэл гарч байна л даа. Энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?
МАН-ын Мөрийн хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зургаан зүйл заалт бий. Энэ нь ЗГ-ын мөрийн хөтөлбөрт ч туссан. Би энэ хөтөлбөрийг бариад, төлөвлөгөө гаргаад, ажиллаад явж байгаа. Үүнийг дэмжиж, хамтдаа орж ирчихээд, оруулж байгаа бодлогыг маань дэмжихгүй, зарчмын шаардлага тавихаар өмнөөс тэс өөр юм яриад, нэг бол нүүрсчин, эсвэл алтны наймаачин болгоод байх юм.
Бид 21 дүгээр зуунд амьдарч байна. Хүй нэгдлийн үеийн олдвор хуваалцаагүй. Дээр үеийн олдвор шиг юм хуваалцчихаад, түүнийг нь зориуд сэвээд, ерөөсөө ажил хийлгэхгүй байна. Ар гэрийнхнийг маань амар тайван байлгахгүй байна. Уулзалт хийхэд дундуур нь орж ирээд хэрүүл өдөж байна. Одоо GenZ үеийнхэн бол Factcheck хийгээд мэдээллээ нягталчихдаг болсон. Ийм байхад хажуу айлын өвөө, эмээ нар зурагтаар тэгж ярьсан гэдэг шиг баймааргүй байна. Түүний оронд О.Саранчулууны төсвийн талаар яриад байдаа бодлого нь буруу байна. Төсвийн ил тозд байдлыг ийм амар замаар хийвэл тохиромжтой гэсэн эрүүл шүүмж, мэтгэлцээн өрнүүлмээр байгаа юм. Намайг гүтгэсэн үг, өгүүлбэр бүрийг би хуулийн байгууллагаар шалгуулах болно.