Боловсролын сайд П.Наранбаяраас багш нарын ажил хаялт зарлах гэж байгаатай холбогдуулан, байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
Багш нарын цалин хөлс болон бусад нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхийн тулд байнга хамтарч ажиллана. Тиймээс багш нар маань ажил хаялтаа цуцалж, хүлээцтэй хандаасай гэж уриалж байна.
Мянга орчим багш нарыг квотоор орон сууцанд оруулах боломж харагдаж байгаа. Энэ асуудлаар Засгийн газарт саналаа өгсөн. Одоогоор албажаагүй, ярианы түвшинд явж байна. Цаашид Орон сууцны банк байгуулах юм бол илүү олноор нь шийдэх боломжтой.
Багш нарын цалинг 2023-2026 оны хооронд буюу гурван жилийн хамтын хэлэлцээр гэж байгуулсан байдаг. Энэ хэлэлцээрийн 3.1-т гурван жилийн хугацаанд багш нарын цалинг нийт 30-аас доогүй хувиар нэмэгдүүлэх бөгөөд жил бүр цалингийн нэмэлт хэлэлцээр байгуулна гэж тусгасан.
Энэ жилийн нэмэлт хэлэлцээрийг өнгөрөгч хоёр дугаар сард хийсэн. Одоо бол багш нарын цалинг эхний ээлжид 20 хувиар нэмж, нэг сая 483 мянгаас нэг сая 770 мянган төгрөгт хүргэхээр яриа хэлцэл хийж байна. Энэ нь одоо хэлэлцэж буй ирэх оны төсөв тусгагдах тул он гараад хэрэгжиж эхлэх юм гэлээ.