Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
1 цагийн дараа
354
Б.Энхбаяр: Нэг ажил дээр хоёр өөр гэрээ байгуулж, мөнгө угаасан байж болзошгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас “нууц”-ын дардастай зарим гэрээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:

Нэр бүхий төрийн өмчит хуулийн этгээд албаны нууцад хамааруулах мэдээллийн жагсаалтыг боловсруулахдаа тагнуулын байгууллагаас санал авч батлалгүйгээр нууцын дардас дарсан байна. Энэ нь албаны нууцад хамаарахгүй,  нууцалсан мэдээлэлд хэрэглэж байгаа нууцын зэрэглэлийн дардсыг төрийн болон албаны нууцад хамаарахгүй мэдээлэл тээгчид хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууц биш мэдээлэл байна гэсэн ТЕГ-ын дүгнэлт байна.

2021 оны 11 дүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар авах гэрээ байгуулсан байна. Үүнийгээ гадаадын хөрөнгө оруулагчтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардалд зарцуулахаар Засгийн газар шийдвэрлэжээ. Энэ дардсыг ЗГ дараагүй. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага дарсан. 

Орж ирсэн 20 сая ам.доллараас 18 саяыг зарцуулсан. Үүнээс 1.9 сая ам.долларыг Их Британи улсад бүртгэлтэй, хоёр гишүүнтэй, дөнгөж байгуулагдсан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас өөр компанитай ямар нэг гэрээ байгуулж, ажил гүйцэтгээгүй компанитай гэрээ байгуулж шилжүүлсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ССАЖ-ын сайд Ч.Номин нарын гадаад айлчлал, википедиаг янзалсан. Мөн “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааны зардал гэх мэт зүйлд зарцуулсан гэсэн тайлбарыг гэрээ байгуулсан компаниас ирүүлжээ.

Түүнчлэн 20 сая ам.доллар монголд орж ирэхээс нэг өдрийн өмнө тэр мөнгийг юунд зарцуулахаа шийдсэн байгаа нь хэн нэгэн хүн ам тохиролцоо хийсэн байгааг харуулж байгаа юм

Энэ мөнгийг гурваас дөрвөн жилийн хугацаанд юунд зарцуулснаа “нууцын” тамга дарж байгаад нууцалсан гэсэн үг. Нууцын тамга дарсан асуудал нь хууль бус байна гэдгийг тагнуулын байгууллага дүгнэсэн.

Засгийн газар 9 дүгээр сарын 24-ний өдөр энэ нууцлалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, нууцын тамгыг нь хүчингүй болгосон.

Нэг ажил дээр хоёр гэрээ байгуулсан байх жишээтэй. Нэг гэрээгээр нь ажлаа гүйцэтгэж, нөгөөгөөр нь мөнгө угаасан байж болзошгүй.  Магадгүй өөрсдийнх нь байгуулсан компани байж болзошгүй гэлээ.