Ардын намынхны “зодоон”-оор тэдний хийсэн муу муухай бүхэн илчлэгдэж байгаа нь олзуурхмаар ч, тэдгээр гэмт үйлдлийнхээ төлөө хэзээ нэгэн цагт хуулийн өмнө хариуцлага хүлээцгээх байх гэсэн горьдлого төрж байгаа ч төрийн эрхийг хууль бусаар булаан авахад бэлэн, увайгүй үйлдэл, тэрслүүд шийдвэрүүдийг нь харахаар ой гутах юм.
Сүүлийн нэг сарын дотор өрнөсөн үйл явдлуудыг нэхэн саная.
Намын даргаа сонгохоор МАН-ын Бага хурал хуралдаж, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хэмээх хоёр нэр дэвшигч өрсөлдсөнөөс эхний шатанд аль нь ч хуралд оролцсон гишүүдийн 2/3-ын саналыг авч чадаагүй. Гэхдээ энэ санал хураалтаас өмнө тэд тоглоомын дүрмээ тохирсон. Энэ нь хэрэв хэн нэг нь 67 ба түүнээс дээш хувийн санал авч чадахгүй бол илүү олон санал авсан хүн дээр дахин санал хураалт явуулна гэсэн тооллогын багийн горимын саналыг бүгд дэмжиж баталсан байдаг. Санал хураалтын дараа ялагдсан тал нь дүрмийн бус хэмээн маргалдаж эхэлсэн. Хэрүүл тэмцэл дагуулсан намын даргын сонгууль болж дууссан ч Улсын дээд шүүх дээр бүртгэж авах эсэх нь эргэлзээтэй. Хоёр тамга өвөртөлсөн хоёр “толгой”-д хуваагдсан Ардчилсан намын түүх давтагдах магадлал маш өндөр байгаа.
Даргын сунгааны маргааш дайснаа даруулах гээд Б.Энхбаярыг хуульзүйн сайдаар томилно гэсэн Г.Занданшатарын гэнэтийн мэдэгдэл нь өс хонзонгийн сэдэлтэй, өрөвдмөөр шийдвэр байлаа. Нөгөөдүүл нь ч хариу барихдаа Б.Энхбаярыг намаасаа хөөсөн нь арга ядсан, арчаагүй үйлдэл байлаа. Үзэл бодол зөрөлдсөн нэгнээ намаасаа хөөж эхэлснээр АН-ын хүч суларч, бусдын өгөөш болсон гунигт түүх саяханых шүү дээ.
Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нар бие биенээ өрсөж огцруулах гэж гарын үсгийн уралдааныг эхлүүлсэн. Д.Амарбаясгалангийн баг түрүүлж барианд орсноор өнгөрөгч баасан гарагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ТББХ-оор хэлэлцэж эхэлсэн бол өнөөдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна. Эл асуудлыг хэлэлцэхээс өмнө Г.Занданшатар УИХ дахь бүлгээ булаан эзлэх гэж энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт хоёр удаа ээлжит бусаар хуралдуулж тугаа мандуулаад авсан. Бүлгийн гишүүн бус атлаа хуралдааныг даргалах маягтай, бааварласан дүр төрхтэй түүний зураг цахим орчинд түгснээр олон нийтээс нэлээд шүүмжлэл хүртсэн. “Огцорсон” бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон Л.Оюун-Эрдэнийн талынхан энэ хурлыг хууль бус хуйвалдааны хурал хэмээн мэдэгдэцгээсэн. Уг нь бүлгийн дэд дарга хурал зарлах эрхтэй л юм билээ. Гэхдээ “эсэргүүн” гишүүдэд зориуд хэл хүргэлгүй зохион байгуулсан болохоор хуйвалдааны хурал гэхээс өөр яалтай билээ.
АН-ын бүлгээс УИХ-ын даргын асуудлыг Ерөнхий сайдтай хамт хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлээд буй. Гэхдээ хөшигний ард өрнөлийг өөрөөр эргүүлэх тохиролцоо хэдийнэ хийгдсэн талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.
Кнопоо тоолбол МАН-ын 36 дээр АН-ын дийлэнх нэмэгдээд Г.Занданшатарыг авч үлдэх боломж өндөр байгаа. Гэхдээ засгаас хөөгдсөн "шарх нь эдгээгүй" байгаа АН энэ удаа хүндээ хөнгөнөөс өгөхгүй л болов уу. Тэгэхээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулаад, дараагийн ЗГ-т АН хамтрах нь гэсэн улс төрийн хүрээнийхний шивнээ ортой ч байж мэднэ. Мэдээж, АН засагт хамтрах “төлбөр” нь Д.Амарбаясгаланг унагаах!
Эцэст нь хэлэхэд, эрх баригчид хаваржин, зунжин, намаржин өөр хоорондоо толхилцож байхад “Оюутолгой” төслийн зээлийн хүү өдөрт 10 тэрбумаар нэмэгдэж, хонгилын үзүүрт сүүмэлдэх төдий ашиг орлого маань биднээс улам алсарсаар байна. Албан тушаалын төлөөх тулаанаа ард түмний ашиг сонирхлоос дээгүүрт тавьснаараа та бүхэн намынхаа рейтингийг унагаагаад зогсохгүй 2027, 2028 оны сонгуулийн ялагдлаа даллан дуудчихлаа. АН-ын засаглах он жилүүд айсуй!