УИХ-аар өнөөдөр /2025.10.16/ хэлэлцэх асуудлуудын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Гэвч 10 цагт товлогдсон нэгдсэн чуулган бүтэн 110 минут өнгөрчихөөд байхад 37-хон хувийн ирцтэй байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гишүүд болон сайд нарыг чуулганы танхимд орж ирэхийг сануулж, нэр цохон дуудсаар бүтэн цаг өнгөрөөд байна.
Үүний өмнө буюу өнөө өглөө ТББХ-оор энэ асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралд оролцсон 22 гишүүнээс гурав нь огцруулахыг дэмжиж, бусад нь татгалзсан. Иймд нэгдсэн чуулганаар “ТББХ-ны огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжих үү” гэдэг томъёоллоор санал хураана.
Нэгдсэн чуулган багадаа 64 гишүүнтэйгээр ирц бүрдэж, хууль ёсны болно. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх биш шүү, нийт гишүүдийн олонх учраас энэ асуудлыг аль нэг талд шийдэхэд багадаа 64 кноп хэрэгтэй. Тодруулбал, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” Гэж заасан байдаг.
Чуулганы ирц бүрдэхгүй байхад гадаа нь Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй" саналыг дэмжих үү гэдэг санал хураалт явуулах гэж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл учраас УИХ-ын 38 гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Тэгэхээр Г.Занданшатарын талынхан 64 кнопоо хараахан багцалж чадаагүй байгаа бололтой.