Сүүлийн өдрүүдэд сошиал орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж буй Нийслэлийн Ерөнхий Боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагчидтай холбоотой мэдээлэлтэй холбогдуулан тус сургуулиас мэдэгдэл гаргалаа.
Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-н тоглоомын талбайд манай сургуулийн харьяаны сурагчид ёс бус авирлаж, улмаар хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл оролцуулан хэв журам зөрчиж, шаардлага тавьсан хүмүүстэй зүй бус харьцсан тохиолдлууд гарсан. Уг тоглоомын талбайд үүссэн асуудлаар хохирсон иргэдээс сургуулийн зүгээс уулчлалт гуйж байна.
Сургуулийн болон сургуулийн бус орчинд дээрэлхэлтийн шинжтэй зүй бус үйлдэл сурагчдын зүгээс гаргахыг сургууль цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Ийм дээрэнгүй зан хандлагатай, зан үйлтэй хүүхдүүд бусдын сурах эрх, аюулгүй байх эрх, бүтээмжтэй байх эрхэд халдаж байгаа гэж үзэж эрдмийн өргөөгийн хувьд бид цаашид уг нийгмийн эсрэг зан хандлагатай хүүхдүүдийг өөрийн харьяалалд байлгаж, сурган хүмүүжүүлэх боломжгүй байх болно.
Сургууль, олон нийтийн газарт болон цахим орчинд сурагчид бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах, зодоон болон эмх замбараагүй байдал үүсгэх, өдөөн турхирах, дарамтлах, бусдын талаар худал ярих, бүдүүлэг үг хэллэг хэрэглэж бусдыг гутаан доромжлох зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй байхыг сануулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Үүний хүрээнд “Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн нийслэлийн 1 дүгээр сургуультай хамтран ажиллах гэрээ” - нд нэмэлт өөрчлөлт оруулж байна.
Суррон болон мото тээврийн хэрэгсэл жолоодож байгаа сурагчид, эцэг эхэд мэдэгдэл, зөвлөмж хүргэсэн ба цаашид цагдаагийн байгууллагатай хамтран журамлах болно.
Нийслэлийн Боловсролын Нэгдүгээр сургууль нь цаашид гэм буруутай үйлдлээ нуун дарагдуулагч, сургуулийн нэр төрөө эрхэмлэгч мэт хэм хэмжээний гажуудлаа засч, цаашид мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсролын салбарт үүсэх үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг ул суурьтай, хүүхдийн эрхийн зөрчилгүйгээр, хохирогч төвтэй шийддэг зөв жишигтэй байгууллага болохын төлөө ажиллах болно.