Эрх баригч намын дотоод тэмцэл хурцадмал байдалд хүрсэн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүдийн хэн нь хэний талд байгаа нь ил болсон. Гэтэл тэднийг эсрэг талаас нь дарамталж, гэр бүлийнхнийх нь эрхэлдэг бизнесээс эхлээд эрт урьд нэр холбогдсон янз бүрийн асуудлаар дарамталж байгааг П.Сайнзориг, Э.Болормаа нарын нэр бүхий гишүүд хэлсээр байгаа. Бүр нэгнээ зодсон, зодуулсан гэх асуудал ч гарлаа.
Өчигдөрхөн УИХ-ын гишүүн Ч.Анарын үүсгэн байгуулсан “Ондо” үүрэн телефоны сүлжээг 19 минут тасалдуулсан нь цаанаа улс төрийн зорилготой сүрдүүлэг байсан гэдгийг хэвлэлүүд бичсэн.
Өнөөдөр гэхэд УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ТББХ-ны хуралдааны үеэр “Намын даргаа сонгох гэж 22 цаг хуралдсан. Ярсхийтэл гараа өргөж, намайг дарга болгосонгүй гэж уурласан нэр дэвшигч төр засгийн ажлыг яаж гацаадгийг, түшээдээс эхлээд түмэн олныг хэрхэн бухимдуулж болдгийг харуулсан өдрүүд үргэлжилж байна. Намын даргын сонгуулиас хойш сюрпризгүй нэг ч өдөр байсангүй. Хууль биш хүн засаглах ямар аюултай болохыг, парламентын засаглал ямар чухал болохыг, ардчилал хичнээн үнэ цэнтэй болохыг ойлголоо, энэ өдрүүдэд.” хэмээн хэлж байв.
Үнэхээр л өдөр бүр гэнэтийн бэлэг дэлгэгдэж байна. Өнөөдөр гэхэд, Д.Амарбаясгалан “өөрийн хүсэлтээр” спикерийн ажлаа өгч, галыг намжаах гэнэтийн бэлэг тун удахгүй барих бололтой. Үнэхээр журмын нөхдөө бодсон уу эсвэл өөрөө барьцаалагдах “но”-той юу гэдэг нь цагийн урсгалд тодорхой болох биз ээ!