m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.16 17:34
652
Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд хоёулаа хамт огцоръё 

Өнөөдөр ТББХ-оор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтийг хэлэлцсэн. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр "Монгол Улсад хүн биш хууль засагладаг эрх зүйт төрийн төлөө өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд хоёулаа хамт огцоръё. Яг одоогийн байдлаар ЗГ парламентын үйл ажиллагааг бойкотолж, УИХ-ын гишүүдэд дарамт шахалт үзүүлж байна.

Олон гишүүнийг хууль хяналтын байгууллагад байгаа мэдээллээр дарамталж, цаашид парламентын засаглал тогтвортой байх уу үгүй гэдэг дээр байна. Намайг огцруулахаар нэр бүхий 67 гишүүн гарын үсэг зурж ирсэн. Харамсалтай нь 67 гишүүний үндэслэл шаардлага хангахгүй байгаа. Д.Амарбаясгалан нэр холбогдсон асуудлаа УИХ-ын даргаас түдгэлзэж шалгуул гэх шаардлага тавьсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар албан тушаалаасаа огцорч шалгуулна гэсэн заалт байхгүй. Бага хурлын 340 гишүүнээс 270 хүн нь намайг сонгосон учраас намын дарга гэж хэллээ. 

Би батлагдаагүй зүйлээр хүний нэр төрд халдах ёс зүйтэй улс төрч биш. Өнөөдөр бусдын гар хөл болж, амь зогоож байгаа хүмүүсийн хэлсэнчлэн би хууль бус юм хийгээгүй. Монголын улс төр илүү хариуцлагатай, чадвартай, мэргэжлийн түвшинд очих цаг нь болсон. Гадны хэвлэл мэдээллийг үндэслэл болгож гэмт хэрэгт холбогдсон мэтээр олон нийтэд мэдээлж байгаа нь өрсөлдөгчөө намнах зорилготой гэж хэлмээр байна. 

Өнөөдөр дарангуйлал тогтох гээд байгаагийн хэлбэрийг харлаа. Парламент бүтэн өдөржин хуралдаж чадахгүй нөхцөл байдалд хүрлээ. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж байна. Үүний ард чуулганы хуралдаанд орж ирцэндээ орохыг хориглож байна. Би хүчин мөхөстөж бууж өгч байгаа юм биш. Ажлаа өгөөд илүү хүчтэй тууштайгаар тэмцэх болно

Парламентаар хэлэлцэж байгаа асуудал чанаргүй байна. ЗГ-аас орж ирсэн хуулийн төсөл, тогтоолын төсөл ард түмний бодит нөхцөл байдлыг дээшлүүлэхийн төлөө биш аргацаасан байдалтай орж ирж байгаа. Зарим гаргах шаардлагагүй хууль буцаах тохиолдлууд нэмэгдсэн. МАН дангаараа Засгийн эрх барихад жилдээ 400 хууль батлуулсан тохиолдол бий. Өнгөрсөн жил 250 орчим хууль батлуулжээ. Олон улсын жишгийг харахад жилд дунджаар 130-150 хууль хэлэлцэж чадаж байвал илүү чанартай гэж үздэг. Иргэдийн зүгээс парламентийн үйл ажиллагаа сул байгааг гаргасан шийдвэр амьдралд шууд тусахгүй байгаагаар дүгнэж байна. Энэ нь ЗГ-аас оруулж ирж байгаа хууль, төсөл амьдралтай ойр биш байгаатай холбоотой. МАН-ын бүлгийн дүрмээр бүлгийг хуралдуулах эрх үүрэг бүлгийн даргад бий. МАН-ын бүлгийн даргаас гадуур хэсэг бүлэг хүмүүс хуралдуулж байгаа нь дүрмийн бус" гэлээ.