Өглөө 10 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган одоог хүртэл ирц нь бүрдээгүй, эхлээгүй байна. Одоо есөн гишүүн нэмж ирвэл ирц бүрдэнэ. Ямартай ч гадаад томилолтоос эргэн ирж байгаа гишүүд сайд нар ирцийг бүрдүүлэх бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд ГХ-ны сайд Б.Батцэцэгээс гадна С.Амарсайхан, Б.Найдалаа, Б.Бейсен, Ө.Шижир, Ж.Баясгалан, О.Алтангэрэл, Н.Номтойбаяр нарын гишүүд багтаж явсан.
Н.Номтойбаяр гишүүн гадаад томилолтоосоо түрүүлж ирээд Төрийн ордонд явж байгаа харагдсан бол бусад гишүүд болон сайд нар өнөө орой 19 цагт Улаанбаатарт буугаад байна. Тэднийг шууд Төрийн ордонд ирж, чуулгандаа суух чиг үүрэг өгчихөөд хүлээж байгаа юм байна. Эдгээр гишүүд хуралдаа суух юм бол чуулганы ирц бүрдэнэ.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хугацаа маргааш /2025.10.17/ өдрийн 13.30 цагт дуусгавар болно. Тэгэхээр өглөөнөөс хойш ирц бүрдүүлэх гэж хичээсэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн зүтгэл талаар өнгөрөхгүй байх. Угаасаа хугацаа ч бараг үлдсэнгүй.