УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ:
Одоо 21 цаг 50 минут болж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногийн дотор хэлэлцэн, бүрэн шийдвэрлэх ёстой. Энэ хугацаа нь маргааш /2025.10.17/ 13.30 цагаар дуусгавар болно.
Ардчилсан парламент байгуулагдсанаас хойш олон ЗГ байгуулагдаж бас огцорч байсан. Тэр бүхнийг дагасан улс төр явж байдаг. Гэхдээ өнөөдрийнх шиг ЗГ нь парламентаа “бойкотолж”, ирц бүрдүүлэхгүйгээр парламентыг Үндсэн хууль зөрчүүлэх алхам хийдэггүй байсан. Өнөөдөр ЗГ-ын гишүүд толгойлж, УИХ-ын гишүүдийг дарамталж, чуулганд нь суулгахгүй байна.
УИХ-ын гишүүддээ хандаж хэлэхэд, та бид хэн нэгний суудлыг хамгаалах гэж өнөөдөр энд суугаагүй. Ард түмний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэх үүргээ ухамсарлаж, чуулгандаа оролцохыг уриалж байна.
АН-аас УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг хамтад нь огцруулах шаардлага тавьсан. Миний хувьд шаардлагыг уриалгахнаар хүлээн авч, парламентыг гацаанд оруулж болохгүй, төрийг Үндсэн хуулийн хямралд хүргэж болохгүй гэдэг шалтгаанаар албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байгаа. Гэвч АН-ын 19 гишүүнээс бусад нь тодорхойгүй шалтгаанаар чуулганы танхимд орж ирэхгүй байна. Үүнийг нөлөөлөл орж байна гэж үзэж байна. УИХ-д олон том бизнесийн бүлэглэлүүд, цаашлаад хууль хяналтын байгууллагууд дарамт үзүүлж байгаа баримт бидэнд байна.
УИХ-ын гишүүд төр, түмнийхээ төлөө зүтгэх нандин үүрэгтэй гэдгийг сануулъя. Ирц бүрдтэл чуулганы үйл ажиллагаа үргэлжилнэ. Үндсэн хуулийн хугацаа дуусах хүртэл чуулган хуралдахгүй бол ирц бүрдүүлээгүй гишүүд, сайд нар хариуцлага хүлээх ёстой.
Одоохондоо УИХ тарах нөхцөл бүрдээгүй. Гэхдээ тараах сонирхол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр хэмжээнд хүрч, төр хямарна гэж бодохгүй байна. Парламент хямрах юм бол төр эзэнгүйрнэ. Төр эзэнгүйрэх юм бол Монгол Улс удирдлага жолоодлогогүй болно гэдгийг ойлгох ёстой.
Засгийн газар унах, унахгүйгээс хамаарахгүйгээр чуулганыхаа танхимд орж ирээд асуудлаа хэлэлцэх ёстой. Та бүхний ухамсаргүй үйлдлээс болж, монголын парламентын нэр хүнд, ирээдүй бүрхэг болох учиргүй хэмээн байр сууриа илэрхийллээ.