Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
21 мин өмнө
2349
Х.Булгантуяа: Чамайг хорино шүү гэж индэр дээр хэлж байгаа юм чинь бусад хүмүүст хаалганы цаана юу тохиолдож байгааг би мэдэхгүй байна

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас чуулганы эргэн тойронд өрнөж буй асуудлаар байр суурийг нь тодрууллаа.

ЗГ-ын гишүүд яагаад ТББХ-ны томъёоллоор санал хураахыг эсэргүүцээд байгаа юм бол?

ЗГ-ын сайд нар ТББХ-н дээр Ерөнхий сайдыг огцруулах ёстой байсан гээд байгаа. Үүний эсрэг томъёоллоор санал хураалт явуулж өгөөч гээд байгаа юм. ЗГ огцрох гээд байгаа юм уу, огцрохгүй гээд байгаа юм уу, ажиллана гээд байгаа юм уу, ажиллахгүй гээд байгаа юм уу, ойлгохоо байлаа.

З.Энхболд даргын үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахад ч тэр, М.Энхболдын үед  ч тэр нийт гишүүдийн олонх гэсэн заалт байгаагүй ч ТББХ-ноос гаргасан томъёоллын дагуу санал хурааж байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Дэгийн тухай хууль өнөөдөр хүчин төгөлдөр байхад Г.Занданшатар даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ ТББХ-ны томъёоллоор санал хураах ёсгүй гэж байгаа нь өөр ашиг сонирхол байгаа юм байна гэж харагдаж байна.

Шөнөжин, өдөржин ажиллаж байгаа төрийн алба хаагчдаасаа, үүнийг үзэж бухимдаж байгаа иргэдээсээ хүлцэл өчье. Үндсэн хуулиар заасан хугацаатай асуудал учраас яах ч арга алга. Энэ асуудлыг хуулийн хугацаанд багтаан хэлэлцээ дараагийн асуудал руугаа ормоор байна.

Хуралдааныг яагаад та даргалж байгаа вэ? Б.Пүрэвдорж гишүүн даргалж болохгүй байсан юм уу?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлж байсан. Энэ хуралдааныг аль нэг талд гарын үсэг зураагүй хүн даргалах нь зүйтэй гэж хэлж байсан. Дэд дарга Б.Пүрэвдорж даргын хувьд гарын үсэг зурсан учраас тохиромжгүй гэж үзсэн. Миний хувьд аль ч талд гарын үсэг зураагүй байсан.

Энэ бол манай намын хувьд хар бараан өдөр. Намынхаа хоёр удирдлагыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцэж байна. Монгол төрийн хувьд төрийн хоёр өндөрлөг зэрэг огцорч байгаа анхны тохиолдол. УИХ-ын дарга огцорсон гурван тохиолдол бий. Ерөнхий сайд бол олон удаа огцорч байсан.

ТБХ-ны дарга Х.Ганхуяг чуулганы танхим руу ороод ирцээ бүртгүүлэхгүй гээд тантай юм ярьж байгаад гарлаа. Юу ярьсан бэ?

Амраач, ямар ядардаггүй юм бэ гэж хэлсэн. Хууль зөрчөөд байна гэж яриад байгаа гишүүдээ хуулиа сайн унш гэж хэлээрэй гэсэн. Айлган сүрдүүлж болж байгаа юм уу? Адилхан хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлсний төлөө 10 жилийн хорих ялтай шүү, анхааруулж байна шүү гэж хэлээд гарлаа гэж би хэлсэн. Тэгвэл тэр хүнийхээ нэрийг нэрлэ л дээ гэсэн. Яг ийм байгаа учраас олон хүн айгаад орж ирж чадахгүй байх шиг байна.

Би УИХ-ын дэд дарга. Чамайг хорино шүү гэдэг үгийг шүүхийн шийдвэр уншиж байгаа аятай индэр дээр гарч ирж байгаад хэлж байгаа юм чинь бусад хүмүүст хаалганы цаана юу тохиолдож байгааг би сайн мэдэхгүй байна. Сураг сонсоход заримынх нь бизнесийнх үйл ажиллагаанд нэлээд дарамт үзүүлж байх шиг байна. Нэлээд олон бизнес эрхлэгч гишүүд ирэхгүй байгааг та бүхэн анзаарсан байх.