Өнөөдрийн/2025.10.17/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж 71 гишүүн дэмжсэн. Ингэснээр олонхын саналаар Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
УИХ-ын 38 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг дүрэм зөрчиж оруулж ирсэн гэж үзэн чуулганы танхимд орж, ирцээ бүртгүүлэлгүй 25 цаг болсон. Өнөөдөр 10:00 цагаас ирц бүрдсэнээр огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Дэг зөрчиж Ерөнхий сайдыг огцрууллаа, алх микрофон ашиглан хуралдааныг удирдлаа гэж Засгийн газрын сайд нар шүүмжлэлтэй байр сууриа илэрхийллээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ТББХ-ны саналаар санал хураалаа. Байнгын хорооны саналыг зөвхөн сонсож, чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулъя” гэсэн саналаар санал хураах ёстой. Гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах хамгийн чухал. Яг энэ асуудлаар ҮХЦ-д гомдол гаргасан. Хэрвээ ҮХЦ үндсэн хуулийн бус томьёоллоор санал хураасан гэж тайлбарлавал энэ хурлын шийдвэр хүчингүй болно”
ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт “Ерөнхий сайдыг огцруулах асуудал анхнаасаа хуулийн зөрчилтэй явсан. Нэгдүгээрт, Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт өргөн барьсан бичиг дээрээ баасан гарагт гарын үсэг зуруулсаар байсан.
Хоёрдугаарт, Өргөн барьсан материалаа гурав хоногийн өмнө гишүүдэд тараах ёстой. Тараахгүй явсаар баасан гарагийн ТББХ-ны хуралдааны өглөө тараасан. УИХ-д мэдээлэл авах боломж өгөөгүй.
Гуравдугаарт, Чуулганыг хойшлуулж байгаад үндсэн хуульд заагаагүй томьёоллоор санал хураасан.
Хууль зөрчиж, өөрт байгаа алх, индэр, микрофоныг ашиглан үндсэн хуулийн бус замаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: