Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.10.17 15:08
712
Ч.Нарантуяа: Жагсаалд очсон байвал дэмий шүү, эмнэлгийн нэр гаргав гэж ажилчдынхаа үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилж болохгүй

Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардаж өнөөдөр суултаа үргэлжлүүлж байгаа. Тиймээс Монголын эрүүл мэндийн салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяаг студид урьж, ярилцлаа. 

-Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж суулт зарлаад байгаа. Гэвч 15 хувиар л нэмэх боломжтой гэх хариуг өгсөн байгаа. Үүн дээр салбарын ажилчид ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсийг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж, салбар яамандаа саналаа хүргүүлсэн. Энэ бүх процессын талаар 4, 5 дугаар сараас эхэлж ярьж эхэлсэн. Тухайн үед огцрох амархан жагсаал болж байсан учир бидэнд жагсаал хийх зөвшөөрөл өгөөгүй. Энэ тэмцлийг улс төрийн шоу гэж харж байгаад харамсаж байна. Улсын төсөв батлагдах гэж байгаа энэ үед бид дуу хоолойгоо хүргэж, асуудлаа шийдүүлэхгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа. Маш олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэг дээр хэлсэн бидний санаа улсын төсөвт ерөөсөө тусгагдаагүй. Тийм учраас бидний зүгээс энэхүү тэмцлээ эхлүүлсэн. 

-Багш, эмч, ахмадуудын жагсаалыг маш их улс төржүүлж байна. Гурван талт хэлэлцээрийн үеэр таныг орхиж гарч явж, улс төржүүллээ гэсэн зүйл яригдсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Би хүнийг ийм юм бичлээ, тийм зүйл бичлээ гээд маргалдаад байх дургүй. Бодит үнэн бол бодит үнэн л байх ёстой. Б.Дэлбэрэл Эрүүл мэндийн сайдын зөвлөхийн бичсэн комментыг харсан. Гэхдээ бид албан ёсны байгууллага учраас зүй ёсны тавих ёстой шаардлагаа тавиад, салбарынхаа гишүүдээс ирсэн санаа санаачилгыг нэмэлт хэлэлцээрт оруулж хэлэлцээ байгуулах гэж байсан. Харамсалтай нь Б.Дэмбэрэл өөрөө улс төржиж хэлэлцээрийн бүрэлдэхүүнд байхгүй байж орж ирсэн. Энэ хэлэлцээрийн ахлагч нь төрийн нарийн бичгийн дарга байх ёстой. Гэтэл төрийн нарийн бичгийн дарга нь орж ирээгүй сайдын зөвлөх орж ирээд, тачигнаад байсан. Хэрэв яам хэлэлцээ хийх бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан бол хэлэлцээрийн бүрэлдэхүүнд байгаа хүмүүсийнхээ нэрийг бидэнд өгөх ёстой байсан.

Үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгож өгөөч гэх бидний үндсэн шаардлагын хариуд 15 хувиар л нэмэх боломжтой. Өөр нэмэх боломжгүй гэх тайлбарыг хэлсэн. Тиймээс би хэлэлцээрийн хурлыг орхиж гарсан. Улс төржсөн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. 

-Эмнэлгийн байгууллагын ажилчид гэхээр зөвхөн эмч сувилагч нарын асуудал биш. Энэ салбарт ажилладаг маш олон хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс хөдөлмөрөө зөв, шударгаар үнэлүүлж чадахгүй байгаа гэдгээ ярьж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс бодит байдал дээр яг хэдээс хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Эмнэлэгт ажилладаг хүмүүс тулганы гурван чулуу шиг ажилладаг. Эмч, сувилагч, дэмжих үйлчилгээний ажилтнууд байдаг. Дэмжих үйлчилгээний ажилтнууд эмнэлгийн байгууллагын ар талыг бүрэн дааж, авч явдаг. Тоног төхөөрөмж засварладаг инженер, сантехникч, хоол ундаар хангадаг тогооч нар байхгүй бол эмнэлгийн үйл ажиллагаа таг зогсоно.

Гэвч эрүүл мэндийн салбарын зарим ажилчид  800-900 мянган төгрөг авч байна.

Өчигдрийн суулт дээр үйлчлэгчээр ажилладаг, өрх толгойлсон эмэгтэй үгээ хэлсэн. Гар дээрээ 800-900 мянган төгрөг авдаг. Би авч байгаа цалингаараа амьдарч чадахгүй байна. Энэ хүн бүтэн 8 цаг ажиллаад ийм цалин авч байгаа. Түргэний машины жолооч хүртэл давхар туслах сувилагчийн үүрэг гүйцэтгэж ажилладаг. Турьхан биетэй эмч том, хүнд биетэй хүний амь аврах гэж байхад хажууд нь туслах сувилагчийн үүргийг жолооч гүйцэтгэж багаараа ажилладаг.

Эмнэлгийн байгууллагын хамгийн өндөр цалин нь 1 сая 800 мянган төгрөг байдаг. Тусгай мэргэжил шаардахгүй ажил хийж байгаа хүн 3.5 сая төгрөгийн цалин авч байна. Гэтэл бүхэл бүтэн амьдралынхаа 10 жилийг нарийн мэргэжлээр сурч боловсроход зориулсан эмч нар 2 сая хүрэхгүй цалин авч байгаад үнэхээр гутарч байна гэж ярьж байна. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ жил бүр буураад 2.2 их наяд төгрөг болсон. Эмнэлгүүдийн авах ёстой санхүүжилтийг өгч чадахгүй, хасаад танаад байх нь эмнэлгүүдийн үйл ажиллагаа зогсох эрсдэлд хүргэхээр байна. Эмнэлгүүдийн санхүүжилт зогсож, эм тариа тасарвал ард иргэдийн эрүүл мэнд амь насны асуудал хөндөгдөж эхэлнэ. Энэ бол үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах зүйл. 

-МАН ялсан үед МАН-ын хүнээр дүүргийн эмнэлгийн дарга солигдож, АН ялбал АН-ын хүнээр эмнэлгийн даргыг сольдог гэх зүйлийг олон удаа сонссон. Энэ хэр үнэн бодитой вэ

-Засгийн газар солигдоход л сайд нар солигддог. Тэгээд яам дээр манай асуудлыг хариуцдаг хүмүүс солигдчихдог. Ийм зүйл байдаг.

Эмнэлгийн дарга нарт ч дарамт ирдэг. Энэ эмнэлгийг удирддаг юм бол ажилчдаа янз бүрийн зүйлд битгий явуулаад бай гээд дээрээс нь дарамталдаг. Эмнэлгийн удирдлагууд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Ажилчдаа жагсаалд очсон байвал дэмий шүү, эмнэлгийн нэр гаргав гэж хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилж болохгүй. 

Шууд дамжуулалт: