

Даваа гараг бүр УИХ дахь бүлгүүд хуралддаг хуваарьтай. Бүлгийн хурал 10 цагт эхэлж заншсан. Гэвч өнөөдөр /2025.10.20/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Уг нь тус бүлгийн гишүүд “Д.Сүхбаатар” танхимд цугларсан бөгөөд тамгатай, "экс" дарга Ж.Бат-Эрдэнэ болон тамгагүй, шинэ дарга Ж.Батжаргал нар зэрэгцэн суусан харагдав. Төдөлгүй танхимаас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарч ирэхэд нь бүлэг ямар асуудлаар хуралдаж байгаа болон хэн нь даргалж байгаа талаар манай сэтгүүлч тодруулахад “Манай бүлэг одоогоор хуралдаагүй байгаа. Угаасаа хуралдаан зарлаагүй. Гэхдээ үдээс хойш хуралдаан зарлаж магадгүй. Миний хувьд тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүй байгаа учраас бүлгийн дарга хэвээрээ байгаа. МАН-ын бүлэг ганц л даргатай. Хоёр даргатай байна гэж юу байх вэ дээ.” гэсэн хариулт өглөө.

