МАН-ын бүлэг хуралдсаны дараа хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан төсвийн хуулийн хэлэлцүүлэг болон зээлжих зэрэглэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:
Засгийн газар 9 дүгээр сарын 1-ний өдөр Төсвийн тухай хуулиа өргөн барьсан. Үүнээс хойш Засгийн газар төсөвт дур мэдэн гар хүрэх эрхгүй болчихож байгаа юм. Одоо төсвийн гурав дугаар хэлэлцүүлэг удахгүй эхэлнэ. Энэ хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаа оруулах боломжтой.
2026 оны төсөвт тусгасан 32 их наяд төгрөгийн төсвөөс 8 их наяд төгрөг нь хөрөнгө оруулалт, дахиад найман их наяд нь ЭМД болон НДС-д зарцуулагдана. Үүнээс гадна “хүүхдийн мөнгө” гэх мэт хүрч болохгүй зардлууд байдаг. Тэдгээрийг хасаад цаана нь арваад их наяд төгрөгийн урсгал зардал үлдэж байгаа. 35 төсвийн ерөнхийлөн захирагчид хуваарилагдах энэ төсвийг 10 хувиар танаж, 820 орчим тэрбум төгрөг гаргахаар эхний байдлаар зөвлөмж өгсөн. Гэхдээ энэ бол Засгийн газрын асуудал биш, УИХ шийднэ.
Хоёрдугаарт, хэдийгээр бид энд бужигнаж байгаа ч гэсэн гадна талдаа сайн мэдээтэй байгаа. Зээлжих зэрэглэлийн гурван агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “B1+ тогтвортой” гэж үнэлсэн. Энэ бол маш сайн үзүүлэлт. Өнгөрсөн жил бид “B2 тогтвортой” үнэлгээг авсан, энэ жил дахин хамгаалж чадлаа. БНХАУ болон АНУ, мөн манайхтай ижилхэн түвшинд байсан улсууд бүгд зээлжих зэрэглэл нь буурсан.
2014 онд манай улсын зээлжих зэрэглэл “B1-“ байсан бол 11 жилийн дараа энэ үзүүлэлтийг ахиулж чадлаа. “Ирээдүйн өв сан”-гийн хөрөнгө 1.5 тэрбум ам.долларт хүрсэн нь зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн байна. Энэ бол бид өөрсдөдөө үнэлгээ өгөөд байгаа хэрэг биш. Олон улсын санхүүгийн зах зээл дээррх гурван том агентлаг өгч байгаа үнэлгээ юм гэлээ.
Тэрээр “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийгдэж байгаа. Удахгүй буюу ирэх долоо хоногт ширээний ард сууна гэж мэдэгдлээ.