Соёл урлаг
2025.10.20 17:47
2453
Яруу найрагч Д.Батцэцэгийн хос номын хурим болов

Яруу найрагч Д.Батцэцэг төрсөн өдрөө тохиолдуулан “Монгол минь мөнхөд оршиг”, “Чи миний найз” хэмээх хос номын хуримаа өчигдөр /2025.10.19/ “Интер” номын дэлгүүрт хийлээ. Номын хуримд  түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран ажиллагсдаас гадна үе тэнгийн олон нөхөд нь хүрэлцэн ирж, баяр хүргэлээ.

МЗЭ-ийн орлогч дарга, зохиолч, яруу найрагч, Ph.D П.Нямлхагва Д.Батцэцэгийн “Монгол минь мөнхөд оршиг” номд өмнөх үг бичихдээ “Монгол орны үзэсгэлэнт ганган байгаль, улирлын гүн, далд нууцлаг зохицлын тухай шүлгүүд нэлээд байна. Монголын яруу найрагчид байгаль ертөнцтэйгээ далдын шижмээр холбогдон, түүний шим, шидтэй амьдран буй ахуй байдлаа уялдуулан оршдог нүүдэлч малчдын тухай тод томруун өгүүлэн шүлэглэдэг. Д.Батцэцэг ч үүнээс гажсангүй. Жишээлбэл:

Шингэх нарны туяанаас тэнгэрийн араншин уншигдаж

Шилбүүр унасан жаахан үрсийн инээдээр малчны хот сэрж

Цөн түрсэн харзны ус уяхан хөгжмийн хэмнэлээр урсаж

Зөөлөн сэвших салхины исгэрээ нутгийн минь зүгээс бүжиж

Эх орны минь хавар тансагхан агаад жаргалтай

Эх орны минь хавар дулаахан агаад уянгатай гэжээ.

Монгол орны хаврын үзэмжийг малчдын ахуй соёлтой уялдуулан дүрсэлж, ийнхүү дүрслэхдээ монгол өвгөдийн тэнгэрийг шинжих ёсон, монгол хүүхдийн тоглоом наадгайн учир, монгол залуусын цэвэр ариун хайр, нүүдлийн соёлын содон тэргэл бүхнийг ахуй байдал, аж амьдралтай нь уялдуулан, адилтгал, зүйрлэлийн холбоо шүтэлцээнд ур чамбай  дүрслэн үзүүлжээ” хэмээн үнэлжээ.

Д.Батцэцэгийн эмхэтгэн гаргасан хоёр дахь ном бол он цагийг өөр өөр газар нутагт төрж өсөж, туулж өнгөрүүлсэн ч тавин насны босгон дээрээс “Монгол-92” хэмээх нэгэн дээвэр дор багцлагдан нөхөрлөж буй үе тэнгийн нөхдөдөө зориулсан 250 орчим шүлэг, 1000 орчим гэрэл зурагтай “Чи миний найз” бүтээл юм. Энэхүү бүтээлийн редактораар хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч Б.Урангоо ажиллажээ.

Тэрээр найрагч болон бүтээлийн тухай өгүүлэхдээ “Хүмүүс ихэвчлэн найзтай байхыг хичээдэг хэрнээ өөрөө сайн найз байх тухайд барагтаа л анхаардаггүй. Харин Д.Батцэцэг маань найзалж нөхөрлөхийн ухаанд маш сайн суралцжээ гэдэг нь энэхүү бүтээлээс том томруун харагдаж байгаа юм. Үг нь ус цас шиг урссан, үйлдэл нь нэгнээ гэсэн сэтгэлийг харуулсан, хөдөлмөрч, хичээнгүй найрагч маань тийм л нандин холбоосоор эдгээр шүлгээ тэрлэжээ. Түүний “Чи миний найз” ном бол “найз” гэcэн асуултад хариулахыг хичээсэн яруу найрагчийн сэтгэлийн дуулал юм.” гэлээ.

Тавьхан нас өөрөө даанчиг идэрхэн нас

Таарч нөхөрлөхдөө харамсахгүй дэндүү жаргалтай мөч

Тэмцэж уралдахдаа хүртэл хайраа асгаж, жаргалд бялуурчихаад

Тэртээх он жилүүдийнхээ хүүхэд насаараа аялдаг

Анхны хайрын захидал шигээ догдлол дүүрэн инээмсэглэлийг тээгээд

Анирхан өглөөний наран шиг гэгэлгэн залуу насандаа зочлохыг хүсэх…

Монгол шүлэгт “Үе-өргөлтөт” шүлэг, “Цагаан шүлэг”, “Задгай шүлэг” гэх мэт төрлүүд бий. Уг шүлгийн ёсонд сүүл, толгой холбоцгүй, эн тэнцүүлэн холбоогүй, чанд хайрцаглалгүй, чөлөөт байгуулалттай, задгай сэтгэлгээтэй, үгийг чөлөөтэй сэлгэж ашигласан, тэр хэрээрээ хэлэх гэсэн санаагаа багтааж болдог гэдгээрээ л онцлог юм. Мөн шүлгийн айзам хэмнэлийг тохируулахдаа өөр өөр зарчим барьснаас шүлгийн байгуулалт өөр болох нь бий. Тэгэхээр яруу найрагч Д.Батцэцэг маань шүлгээ бичихдээ дээрх шүлгийн байгууламжуудыг дэлгэрэнгүй ашиглаж бичдэг учраас монгол яруу найргийн олон төрөл, зүйл, урсгалуудаас онцгойлон авч үзэж буй нь тэр юм.” хэмээн редактор Б.Урангоо номын өмнөтгөл хэсэгт дурджээ.

Номын нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын нэг, яруу найрагч Л.Батцэнгэл мөн түүнийг “Орчин цагийн бүсгүй Чойном” хэмээн билэг танхай найрагчтай зүйрлэнэ билээ.

Яруу найрагч Д.Батцэцэг өмнө нь “Сэтгэлийн уялга”, “Нууц амрагийг уучил” зэрэг яруу найргийн түүвэр эмхэтгэн гаргасан юм.