
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Засгийн газрыг огцруулах эсэх санал хураалт нь Үндсэн хуулийн зөрчил төдийгүй төрийн эргэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэйг зарим гишүүд илэрхийлж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
Д.Амарбаясгалан дарга өөрөө Улсын Их Хурлыг даргалж байхдаа мэргэжлийн байнгын хорооны дэмжээгүй саналыг “дэмжье” гэж хэлэх ч юм уу, иймэрхүү байдлаар анхаарах асуудалт нэг бус удаа давтагдлаа.
Сүүлийн 14 хоногт УИХ-ын байнгын хорооны дэг алдагдлаа. Тиймээс Ерөнхий сайд болон УИХ-ын зарим гишүүд Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байгаа.
Уг нь ашиг сонирхлын зөрчилтэй үедээ карт сугалж болдог байсан. “Түдгэлзэх” гэдэг нь өөрөө санал шүү дээ. Түдгэлзэх эрхгүй болчихсон. Ирцэд орсон гишүүнийг байхгүй хооронд эсрэг санал өгсөнд тооцдог.
Одоогийн нөхцөл байдлыг Монгол төрийн дархлаа, үндэсний аюулгүй байдлын тухай асуудал гэж ойлгох хэрэгтэй. Та бүхэн хар даа, УИХ-ын Тамгын газраас Төсвийн байнгын хорооны хуралдааны товыг тавьж өгөхгүй байна. Улсын төсөв долоо хоногийн давтамжтайгаар хойшлогдсоор байна. Аймаг, дараа нь сумд төсвөө батлах шаардлага үүснэ. Таалагдахгүй бол Засгийн газраа унагаачихъя гэж бодоод байх шиг байна. Гэтэл энэ чинь цаагуураа залуучууд, та бүхэн, манай ирээдүйд сөргөөр нөлөөлөх зүйл шүү дээ. Наанаа суудал булаацалдаж байгаа хэдэн дарга харагдаж байгаа ч, бид ард нь хичээгээд, асуудлыг шийдэл рүү чиглүүлж ажиллаж байна.
Олон асуудал үүсчихлээ. Асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ зөв гаргана гэж найдаж байна.
Иргэд “Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байна” гэсэн гомдол гаргаж байна. Энэ талаар ямар хариу өгөх вэ?
Тийм зүйл байхгүй. Нийгмийн даатгалын сан хоосордоггүй. Эрүүл мэндийн даатгалын сан биш шүү дээ. Нэг сая гаруй аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлээр төсөв бүрддэг учраас тэтгэвэр, тэтгэмж олгогдоогүй тохиолдол байхгүй.
Цалин, хөлсийг нэмэхтэй холбоотойгоор 830 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтаас биш, харин сайд нарын удирддаг яамдын урсгал зардлаас танах юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зарим хөтөлбөр автоматаар 10 хувиар буурна гэсэн үг.
Жишээлбэл: “Малжуулах хөтөлбөр”, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн зарим үйл ажиллагаа гэх мэт. Эрчим хүчний асуудал дээр шөнийн тарифын хөнгөлөлтийг бууруулах уу гэх мэт олон асуудал хөндөгдөж байна. Ахмадуудад олгож буй тэтгэвэр бага байгаатай би 100 хувь санал нийлнэ. Цалингийн суурьтай холбоотой томоохон цогц шинэчлэл хийх шаардлагатай болсон нь үнэн.
Шууд дамжуулалт үзэх:
