Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.10.21 15:20
1484
Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн хориг бол парламентын алдаагаа засах боломж

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг та хүлээж авах ёстой гэж үзэж байна уу?

“Үндсэн хуулиа зөрчих гээд байна шүү” гэж УИХ-ын зарим гишүүнд урьдчилан сануулж, албан шаардлага хүргүүлээд, ирцэд оролцохгүй байдлаар тодорхой хугацааг авсан. Гэвч нэмэр болсонгүй.  

Засгийн газрыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн холбогдох заалт болон УИХ-ын Дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж, үр нөлөөтэй ажиллуулах бүх бололцоог бүрдүүлсэн. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт тодорхой зохицуулалт, процессын өөрчлөлт орсон. Өмнө нь Засгийн газрыг огцруулж байсан хэлбэртэй адил байдлаар асуудал явуулах гэсэн. Үүнийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэхээс өөр аргагүй.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглал, Үндсэн хуулиа хамгаалж, бүхэлд нь хориг тавьсан. Энэ бол УИХ гаргасан алдаагаа засах боломжийг олгож буй хэрэг гэж үзэж байна.

Монгол Ардын Намын бүлэг хэзээ хуралдах вэ? “Хоёр даргатай болж байна” гэж байсан. Энэ талаар таны байр суурь?

Намын бүлэг гэдэг бол УИХ-ын бүтцийн нэг хэсэг. Тиймээс холбогдох хуулиа дагаад, хуулийнхаа хүрээнд харилцан ажиллаж байгаа. Монгол Ардын Нам хоёр даргатай болсон гэж ойлгохгүй байна. Энэ асуудал цаашдаа ойлголцол, хуулийн хүрээнд шийдэгдэнэ.

Бид 2024 онд сонгуулийн хөтөлбөрөө дэвшүүлж, ард түмний итгэлийг хүлээн, хариуцлага үүрсэн. Энэ хариуцлагаа биелүүлж, улс орны хөгжлийн тогтвортой байдлыг хангах, иргэдийнхээ амьдралын чанар, чадварыг нэмэгдүүлэх нь бидний эрхэм зорилго, гол үүрэг юм.

Тиймээс энэ тал дээр хууль, дүрмийн дагуу зохицуулна. Намын бүлэг дотор ноцтой зөрчил үүсээгүй, зөвхөн үл ойлголцлын түвшинд байгаа бөгөөд бид бүхнийг хууль, дүрэм, журмын хүрээнд явуулна.

Шууд дамжуулалт үзэх: