Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.10.21 18:16
1178
О.Батнайрамдал: Монгол Улс 34 хувийг нь эзэмшиж байгаа компани парламент дуудаж байхад ирээд танилцуулга хийх ёстой.

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалаас  “Оюутолйго” төслийн зээлийн хүүг бууруулах ажил хэр урагшилж байгаа талаар тодрууллаа.

Оюу толгойн зээлийн хүүг бууруулах ажил урагшилж байна. "Оюу толгой" компанийг 3 удаа дуудахад ирсэнгүй. Хэрвээ хянан шалгах түр хорооны хуралд ирэхгүй бол гишүүд очиж ажиллахад ч бэлэн

Түр хороо сая хуралдлаа. “Оюутолгой” ХХК-ийн удирдлага оролцож, мэдээлэл өгсөн үү?

 “Оюутолгой” ХХК-ийн удирдлага гурав дахь удаагаа парламентын хянан шалгах хорооны хуралд ирж оролцсонгүй. Өнөө өглөө 09 цагт и-мэйл явуулж, ирж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Парламентад ингэж хүндэтгэлгүй хандаж болохгүй. Ялангуяа Монгол Улс 34 хувийг нь эзэмшиж байгаа компани бол парламент дуудаж байхад, ирээд танилцуулга хийх ёстой. Ардчилсан Монгол Улсын парламент дуудаж байхад гурвантаа татгалзсан өөр компани байсныг би л лав дуулаагүй юм байна. Парламент бол ард түмний төлөөлөл, жижиг ард түмэн. Ард түмний өмчийн талаар мэдээллээр хангах Түр хорооны хуралд ирж оролцох ёстой.

Цахим шуудандаа оролцохгүй шалтгаанаа юу гэж тайлбарласан байсан бэ?

Аюулгүй байдал хангагдаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байсан. Тусгай хамгаалалт дор байдаг, төрийн томоохон институциүд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг Төрийн ордонд уулзахад аюулгүй байдал хангагдахгүй байна гэж байгааг ойлгохгүй байгаа.

Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан сайд удахгүй хэлэлцээр хийнэ гэж мэдэгдэж байсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ?

“Рио Тинто”-оос “Оюутолгой”-н зээлийн хүү болон “Онтре” компаний асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байна гэж өмнөх долоо хоногт Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэн гэж ойлгосон. Ирэх долоо хоногт Лондонгоос баг нь ирээд хэлэлцээр хийнэ гэж сая Г.Дамдинням сайд хэллээ. Хэлэлцээрт яаралтай орох ёстой.

Зээлийн хүүг бууруулах боломжтой хугацаа дуусахад цөөхөн хоног үлдээд байна. Танай нам доторх хагарал энэ асуудлыг саармагжуулах тактик байж болзошгүй талаар Ц.Даваасүрэн гишүүн хэлж байсан. Та үүнийг юу гэж бодож байна?

Аливаа улсын улс төр цастай, шуургатай, бороотой байж болно. Гэхдээ амин чухал асуудлуудыг  шийдэж, урагшлах ёстой. Монгол Улсын эрх ашиг улс төрийн нөхцөл байдлаас үл хамаарч ямагт дээгүүр тавигдах ёстой. Үндсэн хууль болон Монгол Улсын хууль, тогтоолууд хэрэгжих ёстой.

Түр хороо хэлэлцээрийн тактикыг боловсруулж өгнө. Харин хэлэлцээрт орох эрх байхгүй. 11 дүгээр сарын сүүлч эсвэр 12 дугаар сарын эхээр олон нийтийн сонсгол зохион байгуулж, УИХ-д тайлангаа  тавьж, батлуулна.