“Рио Тинто”-гийнхон Монгол төрийг, монголчуудыг үнэндээ үл тоомсорлож байна. УИХ дахь хянан шалгах Түр хороо гурвантаа дуудахад гурвууланд нь татгалзсан. Аюулгүй байдал нь хангагдаагүй гэж үзсэн хэмээн өөрсдөө тайлбарлах. Гэмт хүн л гэлбэлздэг биз дээ. Энэ улсын ард түмэнтэй, төрийн түшээдтэй нүүр бардам уулзаж чадахгүй байгаа бол асуудал өөрсдөд нь байгаа бус уу.
Одоо бидэнд нэн тулгамдаж байгаа асуудал бол “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зээлийн хүүг 7 жил тутамд авч хэлэлцэнэ гэж заасан бөгөөд тэрхүү хугацаа нь энэ онд тохиож буй. Хуанлийн жил дуусах дөхөөд байдаг, манай дарга нар өөр хоорондоо тэмцэлдсээр өчнөөн хугацаа алдчихлаа. Ямартай ч, энэ удаа УИХ-ын гишүүн О.Батнайрамдал зээлийн хүүг улиг болтлоо ярьж, асуудлыг нийгмийн анхаарлын төвд оруулж чадсан нь яамай даа. Ирэх долоо хоногт “Рио Тинто”-ын төлөөлөл Лондонгоос Улаанбаатарт ирж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух мэдээлэл бий.
Харин 2018 онд зээлийн хүүг хөндөлгүй өнгөрүүлсэн хариуцлагыг хэн хүлээх вэ! Тухайн үед дэлхий даяар зээлийн хүү тун доогуур, хөгжингүй орнууд дөрвөөс доош, харин хөгжиж буй улсууд 4-6 хувийн хүүтэй зээл авч байсан. Гэтэл манайх 11.2 хувийн хүүгээ бууруулах гэж оролдлого хийлгүй өнгөрсөн нь хачирхалтай.
Энэ улсын төрийг түшилцэж яваа хүмүүст эрх биш эх орноо гэх элгэмсүү сэтгэл байдаг л байх гэж найддаг. Гэхдээ яагаад бидний хүртэх ашгаас зуу, зуун сая ам.доллараар хороож буй өндөр зээлийн хүүг бууруулах боломжийн хажуугаар нүдээ аниад, хэлээ хазаад өнгөрүүлчихэв? Үүнд тухайн үеийн Засгийн газар, УИХ-аас гадна “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад хариуцлагыг нэхэн хүлээлгэх ёстой!