Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.10.22 11:50
1056
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан халуухан эхэлж, хаалттай үргэлжилж байна

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоолтой холбогдуулан гаргасан маргааныг хянан хэлэлцэх ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2025.10.22/ зохион байгуулагдаж байна.

Хуралдаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хариуцагчаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, П.Ганзориг нар гэрчээр, мөн Х.Баасанжаргал нарын нэр бүхий 10 гаруй гишүүн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байна.

Хуралдааны эхэнд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн санал, хүсэлтийг танилцууллаа.

Тухайлбал, Монгол Улсад дайны нөхцөл байдал үүсээгүй байхад мөн онц байдал тогтоогоогүй байхад маргаан үүсгэснээс хойш гурав хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэж байгаа нь хуулийн зөрчил гэдгийг анхаарууллаа.

Түүнчлэн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан нь нэхэмжлэгч Г.Занданшатарыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед өндөр дүн бүхий гэрээ байгуулан ажиллаж байсан, мөн шалгаж буй асуудлаарх байр сууриа урьдчилан олон нийтэд илэрхийлсэн зэрэг үндэслэлээр  хуралдаанд оролцуулахгүй байх хүсэлт гаргасан ч хуралдааныг даргалагч уг хүсэлтийг хүлээж авсангүй.

Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, П.Ганзориг нарыг гэрчээр оролцуулж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байгааг онцлоод итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан ч мөн л хүлээж авсангүй.  

ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг маргаан үүсгэснээс хойш гурав хоногийн дотор хэлэлцэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн энэхүү хуралдаан нь маргаанд оролцогч талуудын эрхийг бүрэн дүүрэн хангаагүй гэсэн үндэслэлээр  УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгааг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн танилцууллаа. Гэвч ҮХЦ бас л хүлээж авсангүй.

Товчхондоо, УИХ-аас гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан хүсэлтүүдээс алийг нь ч хангасангүй. 

Нэхэмжлэгч Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ зарим гишүүнд үг хэлэх боломж олгоогүй, Үндсэн хууль зөрчиж байгаа хурлаа зогсоох шаардлагыг хүлээж аваагүй гэдгийг дурдлаа. Мөн Ерөнхий сайдыг огцруулахтой холбоотой маргааныг ҮХЦ-ээр гурав хоногийнх дотор хэлэлцэх нь хуулиар зохицуулагдсан гэдгийг онцоллоо.

Ийнхүү ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан халуухан эхэлж, хаалттай горимд шилжин, үргэлжилж байна. Энэ нь мөн хууль зөрчиж байгааг экспертүүд хэлж байгаа юм.