Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.10.22 13:15
345
Х.Булгантуяа: ҮХЦ өмгөөлөгч авах хүсэлтийг маань хангахгүй байна

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд хариуцагчаар оролцож буй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө. Тэрээр хэлэхдээ:

ҮХЦ-ийн энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоол хууль зөрчсөн эсэх, хоёрдугаарт, хурлыг даргалсан миний хууль зөрчсөн эсэх гэсэн хоёр асуудлыг хэлэлцэж байгаа.

Сая ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханы танилцуулгыг олон нийтэд хүргээд, араас нь бидний зүгээс тавьсан танилцуулгыг иргэдэд хүргэсэнгүй, шууд хаасныг та бүхэн харлаа.

Шууд дамжуулж, аль алийг нь нээлттэй харуулах ёстой. Тэртээ тэргүй УИХ-ын чуулганы тэр өдрийн хуралдаан нээлттэйгээр бараг гуч гаруй цаг үргэлжилсэн учраас тэнд хэлэлцэж, санал хураасан асуудлыг олон нийтээс нуух шаардлага байхгүй.

Миний хувьд өмгөөлөгч авах хүсэлт тавьсан. Үндсэн хуулийн дэгтэй холбоотой асуудалд өмгөөлөгч нар маш нарийн няхуур ханддаг. Гэтэл дайны нөхцөл байдалтай адилтган гурав хоногийн дотор хэлэлцсэнээр бэлтгэл хангах хугацаа, боломж олгосонгүй. Хариуцагчид өмгөөлөгч авах боломж өгөхгүй байгаа нь урьд хожид гарч байгаагүй үйлдэл юм.

Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулахаар  нэрийг нь өгсөн байхад гэрчээр оролц гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байсан. Энэ мэдэгдэл нь он, сарын алдаатай байх жишээтэй.

Ерөнхий сайдыг огцруулах, эсэхийг хэлэлцэх нь бас хуулийн хугацаатай байдаг. Хуралдаан даргалж байгаа хүний хувьд ирц бүрдэхгүй байх вий гэж айж байсан. Хэрвээ ирц бүрдээгүй бол би өнөөдөр бас л ҮХЦ дээр дуудагдах байсан. Хуралдааны ирцийг бүрдүүлээгүй, хуулийн хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй гэдэг үндэслэлээр. Аль ч тохиолдолд би дуудагдах л байсан.

Г.Занданшатар даргын хувьд өөрөө л огцрох ёсгүй байсан хэмээн уур нь хүрээд, маргаан үүсгээд байгаа юм байна. Бүр УИХ-ын санал хураалт болохоос өмнө цэцэд гомдол гаргасан байсан. Гараагүй байгаа шийдвэртэй холбогдуулан урьдчилж ҮХЦ дээр гомдол гаргасан нь ч бас Үндсэн хуулийн зөрчил. Энэ нь "Тэр хүн хулгай хийх гээд байх шиг байна, хүн алах гээд байх шиг байна" гэж шүүхэд гомдол гаргасантай адилхан үйлдэл.

 

 

  

Шууд дамуулалт үзэх: