Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгж Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.