Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.22 17:08
467
Ард түмэн амьжиргаагаа, дарга нар албан тушаалаа ...

Тэтгэврээ нэмүүлж, хамгийн багадаа 1.5 сая төгрөгт хүргэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 12 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага тавьсан ахмадуудын жагсаал, суулт 40 гаруй хоног үргэлжилж байна. Залуу насныхаа эрч хүч, эрдэм мэдлэг, ур  чадвараа эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө зориулсан ахмад үеийнхэн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангуулахын тулд наранд шарагдаж, жаварт жиндэж, хүйтэн шалан дээр хөл хөсөр сууж, хоног өдрийг өнгөрүүлж, эрүүл мэндээрээ хохирч буй.

Нөгөөтэйгүүр үндсэн цалингаа мянган ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй боловсролын салбарынхан ажил хаялт зарлаж, эрүүл мэндийн салбарынхан ч мөн цалингаа нэмүүлэхийг шаардаж буй.

Иргэд нь өнөө маргаашдаа хоолтой, эм тангаа авах мөнгөтэй болох гэж, амьжиргааны наад захын хэрэгцээгээ цалин, тэтгэврээрээ бүрэн хангадаг байхын тулд жагсаж, сууж, төрөл бүрийн арга хэлбэрээр шаардлага тавьж байхад эрхэм түшээд маань тэднийг анзаарах ч сөхөөгүй, албан тушаалын төлөө өөр хоорондоо тэмцэлдэж, бүтэн зун, намрыг үдлээ.

Нийт тэтгэвэр авагчдын 59.3 хувь нь 619 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг

Өчигдөр /2025.10.22/ Өргөдлийн байнгын хороогоор ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцсэн. Ахмадуудын тавьсан шаардлагыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 515 мянган тэтгэвэр авагч бүртгэлтэй байгаагаас 59.3 хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 619 мянган төгрөг,  35 хувь нь 1.5 сая төгрөг хүртэл, үлдсэн нь 1.5 сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байна. Хамгийн ихдээ 40 жил даатгуулсан иргэн таван сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа гэдгийг НДЕГ-ын төлөөлөл хэлэв.

Тэтгэврийн хэмжээ дундаж цалин болон ажилласан жилээс хамаардаг. Салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарынхан хамгийн өндөр, хөдөө аж ахуйн салбарынхан, тэр дундаа малчид хамгийн бага тэтгэвэр авч байгаа аж.

312 мянган ахмад настан тэтгэврээ барьцаалж, арилжааны банкуудааас 1.6 их наяд төгрөгийн зээл авсан гэсэн статистик бас байна. Энэ төрлийн зээлийн эргэн төлөлт нь 97-98 хувьтай байдаг тул хамгийн эрсдэл багатай зээлд тооцогддог. Зээлийн эрсдэл бага бол тэр хэрээр хүү буурдаг олон улсын жишиг бий. Харин манайд хамгийн өндөр хүүтэй зээлд тооцогддог.

Ахмадуудын тэтгэврийн талаар хэлэлцсэн ӨБХ Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаад, зарчмын хувьд дэмжин, ХХБХ болон ТБХ руу шилжүүлсэн. Ямар ч шийдэлгүй, нэгээс нөгөөд уламжлан дамжуулдаг төрийн ажлын хэв маяг энд мөн л давтагдлаа.

Багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэхэд

олговол зохих цалин 1000$-т дөхнө гэв

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар иргэн Б.Номингоос нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системд байршуулж, 33038 иргэн дэмжсэн эмч, багш нарын цалинг нэмэх тухай өргөдлийг ӨБХ-оос шилжүүлснийг хэлэлцсэн.

Монгол Улсын хэмжээнд боловсролын салбарт 93 мянган хүн ажиллаж байна. Багш нарын үндсэн цалин нэг сая 483 мянган төгрөг байгаа. Харин ажилласан жилийн, орон нутгийн, ачааллын гэх мэт нэмэгдлүүд орсон, олговол зохих дундаж цалин нь 2.6-2.9 сая төгрөгийн хооронд байгаа. Энэ нь татвар болон НДШ хасахын өмнөх цалин гэсэн үг. Эндээс харахад, үндсэн цалин болон олон төрлийн нэмэгдлийн харьцаа 50:50 хувьтай байгаа юм. Иймд үндсэн цалинг нэмэгдүүлж, цалингийн бүтцийн харьцааг өөрчлөх шаардлагатай байгаа гэдгийг салбарын сайд П.Наранбаяр онцолно билээ.

Ирэх оны төсөвт багш нарын цалинг 20 хувиар нэмэх төсвийг шийдэж өгвөл нийслэлийн багш нарын дундаж цалин гурван сая 50 мянга, аймгийн төвийнхөн гурван сая 261 мянган төгрөг, сумын төвд ажиллаж байгаа багш нар гурван сая 482 мянган төгрөгийн дундаж цалинтай болно.  Үүн дээр 35-аас дээш тооны сурагчтай бүлгийн ачааллын нэмэгдлийг тооцохоор багш нарын дундаж цалинг 3.469-3.485 сая төгрөгт хүргэх боломжтой гэж Боловсролын яамныхан тооцоолжээ.

Залуу багш нарын тухайд эхний таван жил ямар ч нэмэгдэлгүй, зөвхөн үндсэн цалингаар цалинждаг болохоор маш хүнд тусдаг гэдгийг хэлдэг.

Хамгийн бохир зүйлтэй тулж  ажилладаг асрагч нар

1.1 сая төгрөгийн цалинтай гэв

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж буй бас нэг асуудал нь эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин. Тус салбарт өнөөдрийн байдлаар нийт  36,589  хүн ажиллаж байгаагаас 10 мянга нь эмч, 15 мянга нь сувилагч байна. Үлдсэн нь асрагч, үйлчлэгч, жолооч гэх мэт үйлчилгээний ажилтнууд аж.

Эмч нарын үндсэн цалин багш нарынхтай адилхан  нэг сая 483 мянган төгрөг. Ажилласан жилийн болон бусад нэмэгдлүүд ороод олговол зохих дундаж цалин нь 3.4 сая орчим төгрөг байгаа аж. Харин үйлчилгээний ажилтнуудын үндсэн цалин нэг сая орчим төгрөг.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен “Багш нар шөнө унтдаг бол эрүүл мэндийн салбарынхан шөнө ч унтаж чаддаггүй, дуудлагаар үйлчилдэг. Тиймээс эмч нарын цалинг эхлээд нэмэх ёстой. Хүний өтгөн, шингэн гэх мэт хамгийн бохир зүйлтэй тулж  ажилладаг асрагч нар гэхэд дөнгөж 1.1 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна.” хэмээн байр сууриа илэрхийллээ.   

“Манай”, “танай” гэлтгүй адилхан л хайрлах ёстой

Эрүүл мэндийн салбарынхан хүнд нөхцөлд ажилладаг нь үнэн ч боловсролын салбарынхан ч ялгаагүй өөрийн хүүхдийг “хаятлаа” бусдын хүүхдийн төлөө зүтгэдэг. Энд хооронд нь талцуулах биш харин хэн хэнийх нь цалинг амьдралд хүрэлцэхүйц байхаас гадна өвчин зовлон гэх мэт гэнэтийн, болзошгүй эрсдэлд бэлэн байхын тулд хадгаламж болон хуримтлалдаа хэдэн төгрөг илүүчлээд хийх хэмжээнд хүргэх зайлшгүй шаардлага байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний тулд санхүүжилтийн эх үүсвэрээ хаанаас олох вэ гэдэг дээр л толгойгоо ажиллуулах хэрэгтэй байгаа юм.

2026 онд багш, эмч нарын цалинг 15-20 хувь нэмэх мөн ахмадуудын тэтгэврийг тодорхой хувиар нэмэхэд зориулж 830 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнийг 35 төсвийн ерөнхийлөн захирагчид хуваарилагдах төсвөөс урсгал зардлын 10 хувийг танах замаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэж ярьж байгаа юм.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар НДС-аас улс төрийн амлалтыг санхүүжүүлэхийг хориглох, тэтгэврийг инфляцитай уялдуулах хуулийн заалтыг илүү боловсронгуй болгох, ахмад настны зээлийн хүүний дарамтыг  бууруулах гарцыг эрэлхийлэх, тэтгэврийн зээл юунд зориулагдаж байгааг тогтоох зэрэг асуудлыг гишүүд хөндсөн. Түүнчлэн төсвийн бүтэц, зардлын ангиллыг шинэчлэх, “Оюутолгой” ХК-аас өсөн нэмэгдэх АМНАТ авах замаар төсвийн зардлын дутагдаж буй эх үүсвэрийг нөхөх зэрэг тодорхой саналууд ч гаргалаа. Ямартай ч хий хоосон яриа болсонгүй, гарц шийдлүүд дэвшүүлсэн нь олзуурхууштай.

Ихэнх гишүүд эдийн засгийн нөхцөл байдлаа мэдсээр байж, камерын өмнө цалин, тэтгэвэр нэм хэмээн попорч байгаа ч тэрхүү нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас гаргах гарцыг эрэлхийлдэггүй. Уг нь үүн дээр л толгойгоо ажиллуулж, ухаанаа уралдуулах хэрэгтэй юм.

Өнгөрсөн хугацаанд улс төрчид, эрх мэдэлтнүүд нэр холбогдсон олон ч хэрэг дуулиан тарьсан ч хуулийн байгууллагуудаар эцэслэн шийдэгдсэн нь үгүй. Өнөөдөр ч  эрх баригчид бие биенийхээ талаар эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ноцтой мэдээллүүд дэлгэсээр байна. Өмнө дэлгэгдсэн, шинээр сөхөгдөж байгаа энэ олон хэргийг хуулийн байгууллагууд эцэслэн шийдвэрлэж, буруутай бол улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлбэл, цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулж болмоор л...