Үндэсний халдварт өвчин судлалын төвийн мэдээлснээр 2025 оны 10-р сарын 21-ний байдлаар 13532 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 13514 хүн эдгэрсэн, 7 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мэргэжилтнүүд өвчтөний дийлэнх нь сургуульд сурдаг, нэг л тун улаан бурханы вакцин хийлгэсэн хүүхдүүд байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагууд эцэг эхчүүдийг хүүхдээ хоёр дахь тунгаар дархлаажуулахыг уриалж байна гэв.
Сүүлийн судалгаагаар 10-14 насны хүүхдүүдийн дунд хамгийн олон буюу 5000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Харин 0-4 болон 5-9 насныхан дараагийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа.
Нэг тун вакцин хийлгэсэн хүүхдүүдэд тодорхой хэмжээний дархлаа тогтдог ч хоёр дахь тунг хийлгээгүй бол бүрэн хамгаалалт үүсэхгүй. Энэ нь улаан бурханы дэгдэлтийн нэг гол шалтгаан болж байгаа гэж мэргэжилтнүүд анхаарууллаа.
Монгол Улсад улаан бурханы эсрэг вакцинжуулалтын хамралтаараа олон жил 95 хувиас дээш үзүүлэлттэй байсан ч сүүлийн жилүүдэд дархлаа завсардалт үүссэн талаар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аас анхааруулжээ.
2022 онд 12-23 сартай хүүхдүүдийн дунд улаан бурханы вакцинд хамрагдалт 94 хувьтай байсан ч зарим бүлэгт хугацаа хоцорсон, хоёр дахь тунгаа авч амжаагүй тохиолдол нэлээд байгаа учир дараах зөвлөмжийг өглөө.
Улаан бурхан нь амьсгалын дуслаар дамждаг, халдах чадвар өндөртэй вирусын өвчин юм. Халуурах, нүд улайх, ханиалгах, тууралт гарах зэрэг шинж илэрдэг бөгөөд хүндрэлтэй тохиолдолд уушги, тархины үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Вакцинжуулалт бол уг өвчнөөс сэргийлэх цорын ганц найдвартай арга юм гэж asiannews.network сайтад мэдээлжээ.