Үндсэн хуулийн Их суудлын хуралдаан өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон хуулийг зөрчсөн байдалтай өрнөснийг Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанд ажиглагчийн хувиар оролцсон хуульч Э.Эрдэнэжамъян хэлж байна.
Тэрбээр “Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайдын хүсэлтээр буюу огцорсон Засгийн газрын хүсэлтээр хэрэг маргаан үүсгэсэн. Энэ нь парламентын засаглалтай улсад байдаггүй агуулга. Ингэж үг үсгээр хөөцөлдөж болохгүй. Ер нь дэлхий дээр парламентын гишүүдийнхээ санал болон томьёоллыг шүүдэг улс байхгүй. УИХ-ын гишүүн өгсөн саналдаа хариуцлага хүлээхгүй. Саналын томёолол гэдэг бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрх. Гэтэл Цэцийн хуралдаан дээр саналаа яаж томёолсон юм, хэн томёолсон юм гэж асуугаад байх юм.
Яагаад саналын томёоллоор хэрэгтэн олох гээд хайгаад байгаа юм. Ингэж байгаа нь хамгийн аймаар санагдлаа” хэмээн тодотголоо.
“Дараа нь УИХ дээр ямар нэгэн хууль, тогтоол хэлэлцэхэд Засгийн газар нь тэр шийдвэрийг хэлэлцэж баталахаас нь өмнө “Энэ хэдэн юм бидний дургүй шийдвэр гаргах гэж байна. Үүний саналын томьёолол буруу байна” гээд хэрэг маргаан үүсгээд Цэцэд өгдөг жишиг рүү орчихлоо. 2025.10.16-нд дөнгөж ирцээ бүрдүүлж байсан үед нь Цэцийн гишүүн Засгийн газрын хүсэлтээр хэрэг үүсгэчихлээ.
Тэгвэл Цэцийн шийдвэр гараагүй байхад нь УИХ хуралдаад Цэцийн шийдвэрийг хэлэлцэж болох юм уу. Ямар шийдвэр гарахыг нь мэдээгүй байж хурал зарлаад, Цэцийн гишүүдийг дуудаад “Яг хэн чинь ямар зорилгоор ийм томьёолол гаргасан аа хэл” гэж байцаалт явуулаад эхэлж болох юм уу, Засгийн газраас С.Бямбацогтыг дуудаад “Чиний томьёоллыг хэн бичиж өгсөн, хэний гарын үсэгтэй юм” гэж УИХ байцааж болох уу. Тэгэхээр огт болохгүй асуудлаар Цэц огт боломжгүй маргаан үүсгээд явж байгаа нь үнэхээр гайхалтай” гэдгийг хэллээ.