

Багш нарын ажил хаялт зургаа дахь өдөртөө үргэлжилж байна. Цаашид хэд хоног ч үргэлжлэх юм, бүү мэд. Засаг төр тогтворгүй энэ өдрүүдэд тэдний ажил хаясныг ч анхаарах сөхөөгүй бужигналаа, эрх баригчид.
Өчигдөр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцээд, зөрчсөн гэсэн шийдвэр гаргалаа. Анхнаасаа үр дүн нь ойлгомжтой хуралдаан байсан л даа. Гэхдээ процессын хувьд бас л маргаан дагуулах төлөвтэй.
Ажил хаялт үргэлжилж буй энэ өдрүүдэд угаасаа цалин багатай багш нарын орлогын эх үүсвэр тодорхой хэмжээгээр тасалдах нөхцөл байдал үүсчихлээ.
Хөдөлмөрийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Ажилтан, ажилтны төлөөлөгчийг ажил хаялтад оролцсонтой холбогдуулан, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зэргээр хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Тэгэхээр ажил хаялтад оролцсон багш нар цалингаа “хувьдуулах”, албан тушаал бууруулах, өөр ажилд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахуулахаас хамгаалагдсан гэсэн үг.
Одоо гол заалт руугаа оръё. 30 дугаар зүйлийн 30.2-т “Ажил хаялтад оролцсон ажилтанд олговор олгох асуудлыг талууд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх явцад тогтоож болно” гэсэн байгаа юм. “Болно” гэдэг нь заавал хэрэгжүүлэх албагүй, хүсвэл үүнийг хийж болно гэсэн агуулгатай байдаг. Тэгэхээр салбарын яам болон багш нар, үйлдвэрчний эвлэл хүсвэл хэлэлцээр хийж, харилцан тохиролцож чадвал багш нар ажил хаясан хугацаандаа тодорхой хэмжээний олговор авах боломж бий. Мэдээж, салбарын яам багш нарыг ажил хаялтаа аль болох хурдан дуусгавар болгож, ажлаа хэвийн үргэлжлүүлэх болзол тавих байх.
ҮХЦ-ийн шийдвэр гарч, Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Одоо тэдэнд ажлаа хийж, шийдвэр гаргах боломжийг нь олгох хэрэгтэй.
Хөдөлмөрийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Ажил хаялтад оролцоогүй боловч түүнээс шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан ажилтанд тухайн хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж заасан. Тэгэхээр байгууллагынхан нь ажил хаялтад оролцсон ч тэдэнтэй үйлдлээрээ нэгдээгүй багш, ажилчдад дундаж цалин авах боломж бас байгаа аж.
Төсвийн 35 ерөнхийлөн захирагчид хуваарилагдах урсгал зардлыг 10 хувиар танах замаар 831 тэрбум төгрөг гаргаж, түүнээсээ багш нарын цалинг эхний ээлжид 20 хувиар нэмэх асуудал төсвийн гурав дугаар хэлэлцүүлгээр орж ирэхээр болсон. Анх оруулж ирсэн төсөл дээр бүлгийн ачааллын нэмэгдэгдэлд зарцуулах 100 тэрбум төгрөгийг тусгасан байсан. Эдгээр нь нийлээд багш нарын олговол зохих дундаж цалин 3.469-3.485 сая төгрөгт дөхөж очно гэдгийг ХХНББХ болон ТБХ-ны хамтарсан хуралдааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр хэлж байсан.
ТҮК-ийн ажилчид болон автобусны жолооч нар 3.5 сая төгрөгийн цалин авч байхад бид яахаараа тэднээс бага цалин авдаг юм бэ хэмээр байр сууриа иэлрхийлэх багш нар байдаг. Нийслэлийн ТҮК 1375 ажилтантай бол автобус баазуудад нийт 1600 орчим жолооч ажиллаж буй. Энэ хоёр салбарт нийлээд 4000 орчим хүн ажиллаж байна.
Тэгвэл боловсролын салбар гэх “их тогоо”-ноос энэ хичээлийн жилийн байдлаар 93 мянган багш, ажилтан “хооллож” буй. Дахиад 14 мянган багш хэрэгтэй гэх. Зөвхөн одоогийн “тоо” гэхэд л дээрх хоёр салбараас даруй 13 дахин олон байгаа юм. “Масс” ихтэй энэ салбарынхны цалинг нэмэх нь тэр хэрээрээ их хэмжээний нэмэлт санхүүжилт шаардагдана. Энэ л асуудал!
Ирэх оны төсвөөс зөвхөн урсгал зардлыг танах нь хангалтгүй, хөрөнгө оруулалтын зардлаас ч хасаж, багш нарын цалин руу шилжүүлэх хэрэгтэй гэсэн өнцөг бас гарч л байна. Гэтэл хөрөнгө оруулалт гэдэгт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга багтана. Өнөөдөр олон сургууль ачаалал ихтэй, нэг ангид 50-60 хүүхэд шахцалдан сууж байгааг нийтээрээ харлаа, харууслаа. Энэ байдлыг арилгаж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд л хөрөнгө оруулалт чиглэдэг. Тэгэхээр энэ салбарын хөрөнгө оруулалтыг хасах юм бол гурван ээлжээр хичээллэдэг, нэг ширээн дээр гуравлаж суудаг байдал арилахгүй ээ л гэсэн үг. Товчхондоо, цалин нэм, хөрөнгө оруулалтыг тана гэсэн хоёр шаардлага бол логикын хувьд зөрчилдөөд байгаа юм. Бусад салбарын хөрөнгө оруулалтаас боломжит хэсгийг хасаж болох л байх. Гэхдээ сайд бүр ахиухан төсөвт эзэн сууж, томоохон ажил хийсэн нэр зүүх амбиц бий. Тэгэхээр тийм ч амар салбарынхаа хөрөнгө оруулалтаас тавиад туучихгүй л блов уу даа.
Эцэст нь багш нартаа хандаж хэлэхэд, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, тавьж байгаа шаардлагаа уян хатан болгох хэрэгтэй л гэж зөвлөе дөө. Бас тэр нөхөн олговор, дундаж цалин гэсэн боломжийг судлаарай.

