Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.10.23 10:56
858
Д.Энхжаргал: Хоцрох, ямар нэгэн заль хэрэглэх гээд хүүхдүүд өөртөө зохиомол сандрал бий болгодог

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 14нд дуусаж, 12-р сарын 04-ний өдөр 10 цагт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Тиймээс тус асуудлын талаар БҮТ-ийн ЭШ хариуцсан мэргэжилтэн П.Энхжаргалаас тодрууллаа.

-Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 14-нд дуусна. Энэ жил нийт хэчнээн хүүхэд шалгалтад хамрагдахаар байгаа вэ?

-Энэ жилийн өвлийн шалгалтын бүртгэл явагдаж байна. Одоогийн байдлаар элсэлтийн шалгалтад 1000 гаруй хүүхэд бүртгүүлсэн. Монгол хэл бичгийн дахин шалгалтад 500 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Гэхдээ шалгалт өгөхөөр хандалт хийсэн хүүхдийн тоо 6 мянга гаруй байгаа. Эдгээр хүүхдүүд хичээл сонголтоо хийгээд, төлбөрөө баталгаажуулсан тохиолдолд өвлийн шалгалтад 5-6 мянган шалгуулагч хамрагдах таамаглалтайгаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

-Эхний шалгалт ямар хичээлээр, хэдэн цагт эхлэх вэ?

-Энэ жилийн өвлийн шалгалт 04-07-ны өдрийн хооронд зохион байгуулагдана. 12-р сарын 04-нд 10:00 цагаас монгол хэл бичгийн дахин шалгалтаар эхэлнэ. Монгол хэл бичгийн дахин шалгалтаар их дээд сургуульд орох эрхээ авдаг. Гэхдээ босго оноогоо болзлоо хараахан хангаж чадаагүй болон ажиллаж байгаа залуучууд шалгалт өгч болдог. Мөн өмнө нь энэ шалгалтыг огт өгч байгаагүй хүмүүс өгөх боломжтой. 

Гэтэл хүүхдүүд 12-р сарын 04-ны шалгалт, элсэлтийн шалгалтын монгол хэлний шалгалтыг хооронд нь андуурч, нэг шалгалт мэтээр бодоод байх шиг байна. 

10 хичээлээс сонгох монгол хэлний шалгалт монгол хэл бичгийн шалгалт гээд нэр нь хүртэл өөр ялгаатай, хүнд хөнгөний зэрэг нь ч ялгаатай шалгалт байгаа. Тэгэхээр хичээл сонголт хийхдээ зөв сонгоорой гэж зөвлөмөөр байна. 

-Шалгуулагч дээд тал нь хэдэн хичээлээр шалгалт өгөх боломжтой гэж тоо заадаг уу?

-11 хичээлийн шалгалт байдаг. Хамгийн багадаа 2, түүнээс дээш шалгалтыг сонгох боломжтой. Хүүхдүүд ихэвчлэн 4-5 хичээлийг дунджаар сонгодог. Өөрийнх нь хүссэн мэргэжлийн 2 хичээлийг сонгосон байхад болно. Магадгүй өөрийнхөө санасан хэмжээнд оноогоо авч чадахгүй, тухайн сургуулийн босго оноог хангаж чадахгүй байх гэсэн үүднээс дахин 2 дахь хүсэж байгаа мэргэжлийнхээ дагуу шалгалт хүүхдүүд 4-5 хичээлээр шалгалт өгдөг. Харин хараахан мэргэжлээ сонгож чадаагүй хүүхдүүд олон хичээл сонгоод хамгийн өндөр оноо авсан хичээлээрээ мэргэжлээ сонгоно гэх зэргээр сонголт хийж байгаа хүүхдүүд 7-8 хичээлээр шалгалт өгдөг. Магадгүй 9-10 хичээл сонгосон байдаг. 

Шалгуулагч нар математик, нийгэм судлал, англи хэлний хичээлийг хамгийн их сонгож шалгалт өгдөг. Харин орос хэл, газарзүйн хичээлийн шалгалтыг хамгийн бага сонгодог. 

-Шалгуулагчдын гаргадаг нийтлэг алдаа нь юу байдаг вэ. Цагаасаа хоцрох, өдрөө андуурах гэх зэргээс болж шалгалтаа өгч чадахгүй болох тохиолдол гардаг

-Шалгалтууд өглөө дандаа 10:00 цагаас эхэлж байгаа. Тэгэхээр шалгалтад орох гэж байгаа шалгуулагч нар гэрээсээ шалгалтын байр хүртэлх туулах замаа тооцох хэрэгтэй. Элсэлтийн шалгалтын журамд нэг цагийн өмнө шалгалтын байранд ирэх очсон байх хэрэгтэй сануулж өгсөн байдаг. Тухайн хүүхдүүдийн бичиг баримтыг шалгах, гар утас зэрэг авч орсон байна уу гэдгийг шалгах процесс явагддаг. Тиймээс цаг хугацаа шаарддаг. 

Хүүхдүүд хоцорч ирээд эсвэл ямар нэгэн арга заль хэрэглэх гээд зохиомол сандралыг өөртөө бий болгодог. Мөн хуулж байгаад баригдсан тохиолдолд тухайн шалгуулагчийн бүх хичээлийг хүчингүй болгодог журамтай. 

-Шалгуулагч шалгалтын материалын зургийг авч цахим орчинд нийтэлсэн тохиолдол гарч байсан. Ийм тохиолдолд одоо ямар хариуцлага тооцдог вэ

-Энэ тохиолдолд шалгалт өгөх эрхийг хүчингүй болгодог. Элсэлтийн шалгалт зохион байгуулж байгаа БҮТ, түүний ард ажиллаж байгаа багш ажилчдын олон сарын ажлыг үнэгүйдүүлж байгаа бүдүүлэг хэрэг.

Утас авч ороод шалгалтын материалын зургийг аваад хэн нэгэн руу явуулах, нөгөө хүн нь ажиллаад хариу явуулах тохиолдол гарч байсан. Үүнийг нь зарим хүмүүс шалгалтын материал задарсан мэтээр ойлгох ташаа ойлголтыг өгдөг.

Тиймээс элсэлтийн шалгалтын журмаа мөрдөх, бусдын нөлөөнд орохгүй байх, хэн нэгэнд хуулуулах, хуулах зүйлсийг хийхгүй байхыг зөвлөж байна. 

Шууд дамжуулалт: